С.Амарсайхан:Гэрт нь тусгаарладаг, халдвар илэрсэн тохиолдолд эмчилгээг гэрээр нь хийдэг болно

2021-02-05

Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан шинжилгээ авах төвүүдийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаатай танилцлаа. Баянзүрх дүүрэг 133, 142-р сургууль дээр байрлаж буй шинжилгээний төвүүдтэй танилцаж, албан хаагчдаас шинжилгээ авах зохион байгуулалтын талаар санал солилцов.

Эрүүл мэндийн ажилтнуудын зүгээс зарим хангамж ирэхгүйн улмаас зарим зүйлсийг хувиасаа худалдан авч байгаа тухай мэдээлэв. Мөн шинжилгээний цаг байхгүйгээс иргэд бухимдаж, манай ажилтныг цохиод авсан тохиолдол гарсан учраас цагийн асуудлыг цэгцлэх хэрэгтэй гэв.

УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан “Зүгээр цаасны цаанаас асуудалд хандаж болохгүй учраас газар дээр нь ажиллаж байна. Дээд доод шатны уялдаа холбоо сайн байвал ажил хурдан явна. Бүх шатанд ямар ч үл ойлголцол байж болохгүй.

Шуурхай штабын дэргэд цахим саналын хайрцаг ажиллуулна. Иргэд болон газар дээр нь ажиллаж байгаа алба хаагчдын саналыг авна. Бүх талын санал авдаг цахим хуудас ажиллуулна. Үүнийг тусгай ангилж хараад хяналт шалгалт хийж арга хэмжээ авна.

10 хоногийн хугацаанд аль болох олон хүнийг шинжилгээнд хамруулахаар зорьж байна. Тандалт, тусгаарлалтын дүрмээ эргэн харж байна.

Гэрт нь тусгаарлах, шаардлага үүсвэл гэрт нь эмчлэх, гэрийн нөхцөлд эрсдэлгүй байлгах гээд бүх шатны дүрэм журманд өөрчлөлт хийж байна.

Нэг журам гаргачихаад тэрийгээ хэдэн сар мөрдөөд явах боломжгүй. Цаг үетэйгээ тохирсон уян хатан зохион байгууллатын биднээс шаардаж байна. Ямар ямар өөрчлөлтүүдийг хийхийг Шуурхай штаб дээр шийдэж байгаа.

5 хоногт хоёр удаа шинжилгээ өгөөд сөрөг гарсан бол заавал 10-14 хоног тусгаарлагдах ёстой эсэх асуудлыг ч эргэн харж байна. Олон улсын туршлага, эрдэмтэн судлаач нарынхаа мэдээлэл дээр суурилж ойлгомжтой зохион байгуулалтыг хийнэ” гэв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ