С.Эрдэнэ:Сөрөг үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс дээр хяналтын үйл ажиллагаа явуулна, хариуцлага тооцно

АН-ын дарга С.Эрдэнэ өнөөдөр мэдээлэл хийж  “АН-д тулгамдаж байгаа олон чухал асуудал бий. 2021 он бол хариуцлагатай жил. Тухайлбал, АН-ын шинэ даргыг сонгох сунгааг зарлах ёстой. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно. Нэгдүгээр сарын 31-нд АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/ хуралдан, намын аравдугаар их хурлыг товлосон.

Тухайлбал, Улстөрийн намын тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Их хурлын 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн  Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай тогтоол, Улсын дээд шүүхийн тогтоол зэргийг үндэслэн АН-ын аравдугаар их хурлыг тавдугаар сарын 2-ны өдөр товлон зарласан. АН-ын аравдугаар их хурлаар 

  • АН-ын шинээр сонгосон намын даргыг батламжлах,
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд АН-аас нэр дэвшигчийг батламжлах,
  • Монгол Улсын Ерөхнхийлөгчид нэр дэвшүүлэх болон АН-ын даргын дотоод сонгуулийг зохион байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

АН-ын даргын сунгаа цагаан сарын дараа зарлагдана. Үндсэндээ дотоод сонгуулийн хороонд АН-ын даргын сунгаа болон Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах сунгааг зохион байгуулах зөвлөмж хүргүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах сунгааг намын дүрмийн дагуу бүх гишүүдийн санал асуулгаар зохион байгуулдаг. Өөрөөр хэлбэл, 21 аймаг есөн дүүрэг, 330 сум, 72 хороо, 200 мянган гишүүн сунгаанд оролцдог.

Энэ жил Covid-19 гарсан учраас анхан шатны нийт гишүүдийн татварыг тэглэсэн. Ингэснээр намын шинэ даргыг сонгох сунгаа, Ерөнхийлөгчид намаас нэр дэвшүүлэх сунгаанд бүх гишүүн саналын эрхтэй, эрхгүй гэж хуваагдахгүйгээр саналаа өгнө. Мөн жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-нээр тасалбар болгож анхан, дунд шатны намын гишүүд татвар төлдөг үндсэн журамтай. Татвараа төлөөгүй тохиолдолд тухайн албан тушаалаас чөлөөлөгддөг зохицуулалттай. Цар тахлыг харгалзан үзээд, нэгдүгээр сарын 10-нд хуралдсан Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар намын гишүүдийн татварын хэмжээг 50 хувиар хөнгөлсөн.

АН-ын үндэсний бодлогын хорооны 394 гишүүнээс татвараа төлсөн 219 гишүүн байна. Татвараа төлөөгүйн улмаас үндэсний бодлогын хорооны гишүүний бүрэн эрх нь дуусгавар болсон 175  гишүүн бий. Аливаа улстөрийн намын гишүүд тодорхой тогтоосон тооны хэмжээний татвар төлдөг. Татварын хэмжээг тухайн намын төлөөллийн төв байгууллага тогтооно гэсэн улстөрийн намын хуулийн зохицуулалттай. Өнгөрсөн 2020 оны сонгуульд оролцохдоо АН үндэсний бодлогын хорооны хурлаас сонгуулийн үйл ажиллагааг дэмжих сонирхолтой эрэгтэй гишүүдээс 100 сая хүртэл, эмэгтэй гишүүдээс 60 сая төгрөгийн тогтоосон татварыг төлж болно гэсэн тогтоол шийдвэр гаргасан.

Энэ тогтоолын хүрээнд 96 хүн тогтоосон хэмжээний  татвараа төлсөн. Татварыг сонгуулийн бэлтгэл ажлыг хангах, сонгуулийн зардлыг санхүүжүүлэх үйл ажиллагаанд зарцуулсан. Санхүүгийн тайлан гарсан учраас хуулийн хугацаанд холбогдох байгууллагуудад тайланг гаргаж өгсөн. Би 2017 онд намын даргын ажлыг хүлээж авснаас хойш жил бүр санхүүгийн бүртгэл дээр аудитын шалгалт оруулж ирсэн. Ер нь энэ бол хандив тусламж биш. Тогтоосон хэмжээний намын үйл ажиллагаагаа дэмжих зорилгоор намын гишүүдийн өгсөн татвар гэсэн үг. Өнөөдрийг хүртэл энэ чиглэлээр гомдол гаргасан нэг ч гишүүн байхгүй.

АН-ын үйл ажиллагааг санхүүжүүлээд явж байгаа мөнгөний хэмжээ их тоонд орохгүй. 200 мянган гаруй гишүүнтэй үндэсний том намын хувьд санхүүжилт чухал үүрэгтэй. Санхүүжилтийг бид улсын төсвөөс авдаггүй. Хэн нэгэн олгирахиудын халаасанд орох сонирхол байхгүй учраас гишүүдийнхээ хөрөнгө орлогын эх үүсвэрээ тодорхой заасан татвараар үйл ажиллагаа явуулдаг. Хуулийн бус аргаар санхүүжилт босгоогүй. АН хоёр тал болж хуваагдсан ч асуудал байхгүй.

Улсын дээд шүүхээс 2017 онд АН-ын даргаар С.Эрдэнийг бүртгэсэн бүртгэл хэвээрээ байгаа. Тиймээс АН хоёр удирдлагатай болсон мэтээр ярьж болохгүй. Намыхаа дотоодод улстөр хийх гэж оролддог, тэр дунд попрох гэж оролддог хэсэг бүлэг хүмүүсийн явуулж байгаа дүрмийн бус үйл ажиллагаанд би автахгүй. Зарим нөхцөлд гаднын өөр улстөрийн нам, тодорхой бүлэглэлийн захиалгатай нөхдүүд манай намд орж ирчхээд, намын эв нэгдлийг бусниулах гэж оролдоод байгаа юм уу гэж хардахаар хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна. Үүнийг манай нам анхааралдаа авсан. Сөрөг үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс дээр хяналтын үйл ажиллагаа явуулна. Хариуцлага тооцно. АН идэвхтэй сөрөг хүчний байр сууринд шилжиж ажиллах болно гэдгээ мэдэгдэж байна” гэлээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ