Дампуурсан Капитал банканд байсан ЭМД-ын хөрөнгийг төвлөрүүлэх арга хэмжээг авч байна

Капитал банканд байршиж байсан ЭМД-ын сангийн мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэх чиглэлээр ЭМДЕГ-аас дараах арга хэмжээг авч ажиллаж байна

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 344 дүгээр тогтоолоор ЭМДЕГ байгуулагдахад арилжааны банканд байршиж байсан 444.4 тэрбум төгрөг, Засгийн газрын бонд 31.2 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийг НДЕГ-аас шилжүүлэн хүлээн авсан.

Эдгээр мөнгөн хөрөнгөний нэг хэсэг болох 132.5 тэрбум төгрөг нь Капитал банканд байсан бөгөөд үүнээс 10 тэрбум төгрөг хадгаламж хэлбэрээр, 122.5 тэрбум төгрөг нь харилцах хэлбэрээр байршиж байсан юм.

ЭМДЕГ Капитал банканд нэмж мөнгөн хөрөнгө байршуулаагүй бөгөөд харин байршиж байсан мөнгөн хөрөнгийг Төрийн сан болон холбогдох харилцах дансанд төвлөрүүлэхээр төлбөрийн хүсэлтийг хүргүүлсэн боловч гүйлгээ хийгдэлгүй, тус банканд саатсан.

Энэ талаар УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, Монгол банк зэрэг холбогдох бүх байгууллагуудад удаа дараа мэдэгдэн хүсэлтээ уламжилж, хамтран ажилласан боловч тодорхой үр дүнд хүрээгүй.

Иймд манай байгууллагаас Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт эрүүгийн гэмт хэрэг үүссэн байж болзошгүй мэдээллийг хүргүүлж ажилласан.

Капитал банк илгээсэн албан шаардлагуудыг хэрэгжүүлэхгүй, байдал хэвээр үргэлжилсээр Монгол банкны ерөнхийлөгчийн 2019 оны шийдвэрээр татан буугдсан байдаг.  Үүнээс хойш манай байгууллагын зүгээс Капитал банкны эрх хүлээн авагчид хандан нэхэмжилсэн төлбөрийг барагдуулах талаар тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тодруулбал:

  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсанаар Банкны тухай хуулийн дагуу “даатгагдаагүй хадгаламжийн төлбөр” дараалалд бүртгэхийг даалгах шаардлага бүхий ЭМДЕГ-ын нэхэмжлэлийг тус шүүх 2020 оны 128/ШШ2020/0217 тоот шийдвэрээр бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
  • Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас хөрөнгө шилжүүлэн авахтай холбоотой асуудлыг шуурхай судлан, авах боломжтой хөрөнгийн жагсаалтыг гаргасан. Нийт 61.7 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 74 хөрөнгийг Өр төлбөрт тооцон суутгах саналын жагсаалтыг ЭМДҮЗ-ийн тогтоолоор баталж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт уламжлан шийдвэрлүүлсэн.
  • Капитал банкнаас нэхэмжилсэн 136.1 тэрбум төгрөгийн дүнгээс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 8.1 тэрбум төгрөгийг барагдуулаад байна.
  • “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 32 дугаар тогтоолын дагуу Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас Эрүүл мэндийн даатгалын сангийн нэхэмжилсэн өр төлбөрт хөрөнгийг суутган авах боломжийг судлан холбогдох ажлыг Нийгмийн даатгалын ерөнхий газартай хамтран зохион байгуулж, Эрүүл мэндийн яаманд уламжлан Засгийн газрын хуралдаанд танилцуулан 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 41 дүгээр хуралдааны тэмдэглэлийг гаргуулаад байна.
  • “Өр төлбөрт тооцож үл хөдлөх хөрөнгийн өмчлөх, газар эзэмших эрхийг шилжүүлэх” ажлын хүрээнд 36.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий 39 обьект /орон сууц, үл хөдлөх хөрөнгө, газар/-ийг ЭМДЕГ, 10 обьект /үл хөдлөх хөрөнгө, газар/-ийг НДЕГ-тай хамтран  шилжүүлэн авсан.

Өнөөдрийн байдлаар “Капитал банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас Эрүүл мэндийн даатгалын сангийн өр төлбөрт суутган авахыг санал болгосон хөрөнгүүдийн жагсаалтыг судалж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ