Ч.Сайханбилэг:Ерөнхийлөгчийн зорилго нь Оюутолгойн төслийг хоёр хөршид өргөн барих, Монголыг дахин ялагдуулах юм

2021-02-02

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гадаад улсаас мэдэгдэл хийлээ.

Тэрбээр ”

Шүүгч, прокурорыг Ерөнхийлөгч нь томилохдоо өөрт нь захирагд, үгүй бол хална гээд өргөдлийг нь огноогүй бичүүлж авдаг гэдгийг Ерөнхий сайд нь огцрохдоо мэдэгдсэнийг бодоход үнэхээр сэтгэл өвдмөөр. Ерөнхийлөгч өрөөндөө шүүгч нарыг дуудаж, хэнд хэдэн жилийн ял оноохыг нь хэлдэг гэдгийг Хууль зүйн сайд нь илчилсэн.

Чамайг төрийн нэр ашиглан баривчилж, шоронд хатааж, тэнд ална гэсэн заналхийллээ байж болох бүх сувгаар надад хүрэхээр оролдож байгаа Ерөнхийлөгчтэй гэж бодохоор үнэхээр дургүй, зэвүү зэрэг хүрмээр.

Оюутолгойн ажлын хэсгийг хэзээ ч асуудал шийдэхгүй, бүтэлгүй попуудаар дүүргэх гэж байна. Түүний цаад зорилго нь Оюутолгой төслөөс гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг хөөж гаргах, хоёр хөршид төслийг өргөн барих, Монголыг дахин ялагдуулах юм.

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаанд амьжиргааны түвшин улам буурч, хувийн хэвшлүүд үүд хаалгаа хааж, том компаниудыг өөртөө үнэнч байдлаар нь хоёр хуваалаа.

Өөрөө жинхэнэ МАНАН-г байгуулж, өөрөө оффшорын жинхэнэ эзэн боллоо. Бүтээн байгуулалтын жинхэнэ ажлыг бус бүтэлгүй үзэл суртлын дайн өрнүүлж, Монголчуудыг талцууллаа.

Манай улс сүүлийн 30 жилийн хугацаанд Азид ардчиллын цорын ганц Баянбүрдээр нэрлэгдэж ирсэн. Энэ хэвээрээ үргэлжилбэл сайнаар бол нэг намын тогтолцоо, саараар бол нэг хүний дарангуйлал тогтоно. Болоод өнгөрсөн үйл явдлын мөн чанарыг ойлгох, дахин гаргуулахгүй байх, хараат бус шүүх засаглалыг бий болгох зорилгоор олон улсад Amsterdam&Partners хуулийн товчоотой хамтран ажиллаж эхэллээ” гэв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ