Ордон дотор хүчин мөхөстөх учиргүй,олон түмэн дэмжээд Ерөнхий сайд болголоо

2021-02-01

Шинэ Засгийн газрын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт танхимаа бүрдүүлээд УИХ-ын чуулган дээр үг хэлэхдээ улс төр, уул уурхай, шүүх, хууль хяналтын байгууллага дамнан оршсон бүлэглэлтэй хийх тэмцлээ үргэлжлүүлнэ.Энэ удаа зөвхөн хогийн ургамалтай нь биш,түүнийг бүрдүүлж буй хөрстэй нь тэмцэл хийхээ мэдэгдэв.

Төрийн  хүнд суртал, улс төрийн авилгажсан тогтолцоог үгүй хийх, шударга шүүхийн тогтолцоо бүрдүүлэх,  бүлэглэлүүдийн  шүүх, хууль хяналтын байгууллагад байршуулсан  төлөөлөгч нарыг цэвэрлэх,   сонгодог парламентын тогтолцоог бүрдүүлэх зэрэг ажлыг хийхээ амлалаа. Мөн Шүгэл үлээгчийг хамгаалах тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай, Төрийн албаны ёс зүйн тухай хуулиудыг олон улсын жишигт нийцүүлэн батлуулна. Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар төрийн байгууллагын албан тушаалтнууд, орлогоосоо давсан хэрэглээтэй эсэх, хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу мэдүүлж байгаа эсэхийг бүртгэлжүүлэн цэгцлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэв. Түүнчлэн төрийн үйлчилгээг цахимжуулж, авлигаас ангижрахаа ч хэлэв.

Түүний хэлсэн нэг онцлог нэг үг нь, ордон дотор хэрвээ хүч мөхөствөл, олон нийтийн дэмжлэг авч тэмцлээ үргэлжлүүлэх болно гэх үг. Мөн “”Жанжин Д.Сүхбаатарын талбайд -30 хэмийн хүйтэнд 30 мянган иргэн цугларч, өнгөрсөн 30 жилийг цэглэж, шинэ 30 жилийг эхлүүлэхийг хүсч, улс төр, уул уурхай, шүүх, хууль хяналтын байгууллага дамнан оршсон бүлэглэлд “ҮГҮЙ” гэж хэлснийг би хэзээ ч мартахгүй ээ” гэсэн юм.

Үнэхээр  дөрвөн жилийн өмнөх жагсаал цуглааны үеийн хүлээлт өнөө хэр хэвээр байсаар,харин тэр жагсаалын удирдагч Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болов.

Болох болохдоо хүчтэй Ерөнхий сайдын суудалд суулаа. Үндсэн хуулиар Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүн байж болох хатуу хязгаартай, Ерөнхий сайд зөвхөн өөрөө мэдэж танхимаа бүрдүүлдэг болсон. Мөн Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор томилдог болсон зэрэг өмнөхөөс хавь илүү эрх мэдэлтэй Ерөнхий сайд боллоо.

Өөрөөр хэлбэл,  дээр дурдсан онцлог үгээ дахин хэлэх эрхгүй өндөр эрх мэдэлтэй Ерөнхий сайд юм. Тиймээс  ордон дотор хүчин мөхөстөх учиргүй, олны дунд ч дахин гарч ирэх эрхгүй. Амласнаа биелүүлэхийн төлөө бүх хүчээ дайчил   гэж шинэ Ерөнхий сайдаас хүсмээр байна. Түүнийг дөрвөн жилийн өмнөөс л олон нийт  дэмжсээр яваа,хоёр дахь удаагаа ялсан нам чинь бүр Ерөнхий сайд болголоо.

Жич:

Засгийн газрын шинэ танхим бүрдэхийн өмнөх өдөр “Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагаас 2020 оны Авлигын Индексийг танилцуулсан бөгөөд Монгол улс 35 оноо авч, дэлхийн 180 орноос 111-д эрэмбэлэгджээ. Энэ нь өмнөх жилээс зургаан байраар ухарсан үзүүлэлт бөгөөд үүнд  ковидын үеийн тусламжийн хөрөнгийг үр дүнтэй зарцуулж байгаа гэдэгт хүмүүс итгэхгүй байгаа,  авлигын гэмт хэрэгт хариуцлага тооцохгүй байгаа явдал хоёр нөлөөлж байна гэжээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ