Д.Амарбаясгалан: 76-хан гишүүн бүх эрх мэдлийг төвлөрүүлдэг байдлыг хална

Хөгжлийн банкны зээлийг “Өөрсдөөр нь төлүүлье” хэлэлцүүлэгт  МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан оролцож, байр сууриа илэрхийллээ.

Д.Амарбаясгалан:

Зээл авч зориулалтын бусаар ашигласан, санаатайгаар зээлээ төлөхөөс зайлсхийсэн, гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүд болон эдгээр байгууллагад зээл авахад эрх мэдлээ урвуулан ашиглаж нөлөөлсөн улстөрчид, албан тушаалтнуудтай нам харгалзахгүй хатуу тэмцэх болно.

МАН-ын хувьд намын гишүүн ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд улс төрийн хариуцлага хүлээлгэдэг болсон. Улс төрийн хариуцлага хүлээлгэнэ гэдэг дараа дараагийн улс төрийн үйл ажиллагаанд оролцох боломжгүй болж байна гэсэн үг. Аливаа гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд эхлээд улс төрийн намын гишүүнчлэлээс түдгэлзүүлнэ. Хэрэв шүүхээс гэм буруутай нь тогтоогдвол намын гишүүнчлэлээс хасч, улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрх нь хаагдана гэсэн үг.

Нэг талаас Хөгжлийн банкны энэ асуудал бидэнд боломж олгож байна. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар нэг түвшинд ойлголцож, нэг зүгт харах боломж Монголд төдийлөн олддоггүй. Үүнийг бид улс орон, ард иргэддээ олдсон боломж гэж харж, дийлдэхээ байсан задарсан олон зүйлтэй тэмцэж, цэгцэнд нь оруулахын төлөө ажиллах ёстой. Энэ дээр улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, ард иргэдээ нэгэн зүгт харж хамтран ажиллаасай гэж хүсэж байна.

Улс төрийн эрх мэдэл төвлөрсөн цөөн хэсгийн эрх мэдлийг сарниулах ажлын бодитой ажил хийх шаардлага үүсч байна. 76-хан гишүүн бүх эрх мэдлийг өөрсөд дээрээ төвлөрүүлээд үүнийгээ алдахгүйн төлөө хичээж ажилладаг. Эсвэл МАН, АН гэдэг хоёрхон нам эрх мэдлийг авчихаад бусад намуудыг оролцуулдаггүй. Энэ байдлыг задалж, сарниулахын төлөө ажиллах болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ