“Рио Тинто”-г Оюутолгойн гэрээн дээр буулгаж авахын тулд нэг амаар ярих цаг болжээ

Шинэ Ерөнхий сайд томилогдож буй энэ цаг үетэй давхцаад Оюутолгойн гэрээ тойрсон асуудал хурцдаж байна. Уржигдар УИХ-ын гишүүн С.Ганбаатар Төв талбайд өлсгөлөн зарласан. 16 жил Оюутолгойн асуудлыг ярьж яваа гэх С.Ганбаатар энэ сарын 31-нээс өмнө Засгийн газар “Рио Тинто”-г олон улсын арбитрын шүүхэд өг, сөрөг нэхэмжлэл гарга” гэж буй. Өчигдөр Засгийн газрыг төлөөлж, ХЗДХ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Нямбаатар түүнтэй уулзахад үүнийгээ л давтаж байна лээ.

Харин Засгийн газар тодруулбал, Ерөнхий сайдад нэр дэвшсэн Л.Оюун-Эрдэнэ түүнийг Оюутолгойтой хэлэлцээ хийж буй ажлын хэсэгт орохыг урьсан. Монгол Улсын Засгийн газрын зүгээс,

  • Дубайн гэрээг бүрмөсөн цуцлах
  • 2009 онд байгуулсан үндсэн хөрөнгө оруулалтын гэрээг бүрмөсөн өөрчлөх шаардлагуудыг тавьж байгаа.

Нэгдүгээр сарын 18-ны өдөр Монголын Засгийн газраас тавьсан дээрх шаардлагуудыг хүлээж авахгүй тохиолдолд хөрөнгө оруулалтын гэрээг цуцална гэдгээ мэдэгдсэн байна. Хөрөнгө оруулагчид нэлээн цочирдсон байдалтай хүлээж авсан гэж Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Нямбаатар хэлсэн.

С.Ганбаатар “ХЗДХ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Нямбаатар гарч ирсэн нь ард түмний эрх ашгийг хүндэтгэж байна. Би гуравхан зүйл хэлье.

Нэгдүгээрт, Оюу толгойн гэрээг авлигал өгч байгуулсан гэрээ гэдэг нь нотлогдсон тул гэрээг цуцлах нэхэмжлэлийг Монгол Улсын Ерөнхий сайд гаргатал би тэмцэнэ.

Хоёрдугаарт, гэрээ байгуулахад оролцсон нэр бүхий 24 улс төрчийн хөрөнгийг хураах,

Гуравдугаарт, ажлын хэсэгт миний бие орсонд баяртай байна. Би орж ажиллана. Туршлага, гүйцэтгэл надад бий. Олон улсын шүүхэд гаргах нэмжлэл дээр өөрийн санаа бодол, хувилбарыг тусгах бүрэн боломжтой” гэв.

Харин С.Ганбаатар гишүүний шаардлагын хариуд ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо “Нэгдүгээр сарын 31-ний дотор сөрөг нэхэмжлэл гаргах шаардлагатай маргаан байхгүй байна. Засгийн газраас Оюу толгойд нийт нэг их наяд төгрөгийн татварын актыг тавьсан. Оюу толгойн тал арбитрын шүүхэд хандаад байгаа. Үүнд энэ оны хоёрдугаар сарын 21-ний дотор тайлбар өгөх ёстой” хэмээсэн.

Манай төр, засаг, “Рио Тинто” түүний охин “Туркойз хилл Ресурс”-ын хооронд 2019 оноос хойш гэрээг өөрчлөх хэлэлцээр явагдаж буй. Гадны хэвлэлүүд Монгол улсын Засгийн газрыг гэрээгээ хүчингүй болгож, Оюутолгой төслийг зогсоож магадгүй хэмээн мэдээлсээр байгаа.

Гэхдээ Засгийн газрын хувьд үүнийг үгүйсгэж, хийсэн гэрээн дээрээ нухацтай ярих шаардлагатай байгаа тухай албан бичгийг өгсөн тухай мэдэгдсээр буй.

Монгол улсын Засгийн газрын “Рио Тинто”-той хэлэлцээр хийж буй ажлын хэсгийн ахлагч, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго энэ тухай мэдэгдэхдээ “2051 он хүртэл Оюутолгойгоос ашиг хүртэхгүй, 22 тэрбум долларын өртэй үлдэхийг Засгийн газар зөвшөөрөхгүй” хэмээн мэдэгдсэн нь дотоод, гадаадад байгаа поп улстөрчдөд бөөн далим болсон нь энэ.

Түүний хэлсэн “Урьдчилсан байдлаар Оюутолгой далд уурхай ашиглалтад ороод 2051 он хүртэл Монгол Улс ногдол ашиг авахгүй, цаашлаад 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх тооцоог Рио Тинто компани Монгол Улсын Засгийн газарт танилцуулсан. …Үндсэндээ Монгол Улс ногдол ашиг авахгүй, дээрээс нь татварын орлого хүртэл буурч байгаагийн цаана энэ төсөл Монгол Улсад үр өгөөжтэй юу, үгүй юү гэдэг асуудлыг хөрөнгө оруулагчид нэлээд нухацтай ярих шаардлагатай байна гэсэн албан бичгийг Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулагч талдаа өгөөд байгаа” гэснийг шүүрч аваад дотоод, гадаадаас хэрэлдэх нөхдүүд олон байна.

Монгол улсын Засгийн газар гэрээг Монгол улсад ашигтай болгох тал дээр ажиллаж байгаа. Харин тэдний хийж буй ажлыг дэмжихийн оронд хэлж ярихыг заах хүсэлтэй нөхдүүд маш олон байна. Уг нь Оюутолгой төслийн гэрээг нэг л сувгаар ийнхүү ярьж, зөв голдиролд оруулах ёстой.

Мөн Оюутолгойн 34 хувийг Монгол улс эзэмшиж өрөнд орж байхаар зарчихаад роялтиг 5 хувиас өсгөж 10 хувь авах хэрэгтэй гэдэг саналыг тусгах хэрэгтэй гэсэн санааг гэрээнд тусгах ёстой болно. Үүнээс гадна гадаад, дотоодын ажилчдын цалинг ойролцоо болгох, одоогийнх шиг 5-6 дахин өөр цалинтай байж болохгүй.

Нэмээд хэлэхэд Оюутолгой төслийг дагасан авлигын тухай асуудлыг ч сайтар нягтлан шалгах ёстой. Манайхан авлига гэхээр долларыг сая саяар нь аваад офшорт аваачаад нуучихсан юм ойлгоод байгаа. Заавал тэгж авлига авах ч шаардлагагүй л дээ. Оюутолгойн ханган нийлүүлтийн компаниуд тэр дундаа өндөр дүнтэй хангалт хийж байгаа компаниудыг шалгавал юм гарч мэднэ л дээ. Жишээ нь С.Баярцогттой нэр холбогддог катерингийн компани гэх мэтээр. Түүнээс орчин үед тэр олон сая долларыг бэлнээр авч, өгдөг тэнэг манайхаас өөр газарт байхгүй байх.

Эцэст нь манайхан бүгд Оюутолгойгоо улс орон, ард түмэндээ ашигтай болгох хүсэлтэй юм хойно нэг амаар дуугарах нь л чухал байна. Тэгээд ч уг асуудлыг шинэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, эрх баригч МАН-ын дарга У.Хүрэлсүх нар дэмжиж байгаа учир бүгд попрох шаардлага алга.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ