Л.Оюун-Эрдэнэ:Цахим хөгжлийн яам байгуулж төрийн хүнд суртлыг багасгана

2021-01-27

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэж байна.

Өнөөдөр 12:30 цагт хуралдсан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар түүнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжсэн юм.

Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ яамдын бүтцийг өөрчлөх асуудлаар байр сууриа илэрхийллээ. Цар тахлын дараа буюу эдийн засаг сэргэх үед хоёр яамыг шинээр байгуулна гэв.

Эдийн засаг хөгжлийн яам

Үндсэндээ томоохон төслүүдтэй холбоотой, гаднаас хөрөнгө босгох, гадны хөрөнгө оруулалтыг шууд дэмжихтэй холбоотой эдийн засгийн харилцааг авч явах яам юм. Нэг үгээр эдийн засгийн бодлогоо урт хугацаагаар тодорхойлж, тэр хөтөлбөрийн дагуу Сангийн яам санхүүжүүлдэг байх тогтолцоо руу орно. Зардал нэмэгдэнэ гэдэг үүднээс биш хувийн хэвшилтэй илүү нягтарч ажиллах боломжийг дэмжээсэй гэж хүсэж байна.

Цахим хөгжлийн яам

Энэ яамыг байгуулснаар төрийн албаны данхайсан бүтцийг 30-35 хувиар цомхотгох боломж бүрдэнэ. Асар их хэмжээний цаас хэмнэнэ. Төрийн бүх үйлчилгээг төвлөрүүлэх зорилтыг ирэх гурван жилд тавина. Ямар нэгэн байдлаар төрийн үйлчилгээг төвлөрүүлээгүй бол Ерөнхий сайдын хувиар авлигатай тэмцэх тэмцэлд хувь нэмэр оруулаагүй гэж үзэх болно. Ингэж байж төрийн нугалаа, хүнд суртал алга болно.

Төрийн албан хаагчид бэлэг солилцдог, хоорондоо гэрээ байгуулдаг тогтолцоог алга болгохын тулд цахимтай холбоотой томоохон шинэчлэлийг хийнэ” гэв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ