Ч.Хүрэлбаатар: Манай улс Pfizer-ийн 1.85, Moderna-ийн 2.36, AstraZeneca-ийн 2.5 сая тун вакцин хүлээн авахад бэлдсэн

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр цахимаар хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдаанаар Засгийн газраас 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Монгол Улсад КОВИД-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.

Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газраас Коронавируст /КОВИД-19/ цар тахалтай тэмцэх, тахлаас урьдчилан сэргийлэх, вирусын халдварыг оношлох, эмчлэх зэрэг эрсдэлийг бууруулахад шаардлагатай цар тахлын вакциныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталгаажуулж, худалдаанд гармагц Монгол Улсад импортлох, ард иргэдээ вакцинжуулах чиглэлээр шаардлагатай бэлтгэл ханган ажиллаж байна.

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Монгол Улсад КОВИД-19- аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн нэмэлт санхүүжилтээр вакцинжуулалтын төслийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн 50.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр тохиролцоод байна гэв.

Энэхүү вакцинжуулалтын төслийн хүрээнд нийт хүн амын жар (60%) хүртэл хувийг хамруулахад хүрэлцэхүйц вакциныг худалдан авах, тээвэрлэх, хадгалах, аюулгүй байдлыг хангах, улс орон даяр түгээх, хянах зэрэг хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж, дэд бүтцийг өргөжүүлэх, бэхжүүлэх арга хэмжээг цогцоор нь хэрэгжүүлэх юм.

Үүнээс гадна энэхүү КОВИД-19 вакцин нь өөрөө шинэ төрлийн дархлаажуулалтын бэлдмэл учир тарилга хийх заалт, тарилгын дараах илэрч болох хүндрэлээс сэргийлэх, дархлаажуулалтын хамралтын түвшинг үнэлэх, хянах, дэмжлэгт хяналт хийх зэрэг арга хэмжээг авахад нийт 8,000 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, нэгдсэн сургалт, мэдээлэл олгох үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Олон улсын хөгжлийн ассоциациас олгох энэхүү хөнгөлөлттэй зээлийн ашигласан үлдэгдэлд тооцогдох зээлийн хүү жилийн 1.25, үйлчилгээний хураамж 0.75, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5 хувь тус тус байна гэж танилцуулгад дурдсан байлаа.

Вакцины хүйтэн хэлхээний  тоног төхөөрөмжийн шинэчлэлтэд 13 сая ам.доллар зарцуулна

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, М.Оюунчимэг, Д.Батлут, Ц.Цэрэнпунцаг, Ж.Ганбаатар нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс хэлэлцэж байгаа асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ аль улсын ямар вакцин худалдан авахаар ажиллаж байгааг тодруулахын зэрэгцээ вакцин хүлээн авах бэлэн байдлын талаар лавлав. Мөн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, нэгдсэн сургалт, мэдээлэл олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд төслийн санхүүжилтийн хэдэн хувийг зарцуулахаар төлөвлөснийг тодруулсан.

Засгийн газар вакцин худалдан авах Ажлын хэсгийг байгуулж, Сангийн сайдаар ахлуулан ажиллаж байгааг сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.Хүрэлбаатар хариултдаа тодотгоод, уг ажлын хэсэг КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад нийлүүлэх, вакцин үйлдвэрлэгчидтэй шууд харилцаж, гэрээ хэлэлцээр хийн худалдан авалт хийх болон бусад улс оронтой хамтрах гэсэн гурван чиглэлээр ажиллаж байгааг дурдлаа.

Түүнчлэн КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс эхний ээлжинд хамрагдах нийлүүлэлт хийхэд шаардлагатай бүх бичиг баримтаа өгсөн. Энэ хөтөлбөрийн хүрээнд“Pfizer” вакцин нийлүүлэгдэнэ.

Харин хамтран ажиллах хүрээнд хэд хэдэн улстай вакцин худалдан авахаар ажиллаж байна. Энэ хүрээнд Англи улсын буюу Бүгд Найрамдах Энэтхэг улсад үйлдвэрлэж байгаа “AstraZeneca” вакциныг худалдаж авахаар бүх бэлтгэл ажлаа хийсэн.

Мөн БНХАУ-д ч вакцин худалдаж авах хүсэлтээ илэрхийлэхэд нааштайгаар хүлээн авч тодорхой хувийг үнэ төлбөргүйгээр өгөхөө мэдэгдснийг дурдаад бусад вакцины талаар судалж, хамтын ажиллагааны хүрээнд ажиллаж байна гэж байлаа.

Түүнчлэн тэрбээр, эхний ээлжинд -70 градуст хадгалах “Pfizer” вакциныг нийлүүлбэл Монгол Улс 1 сая 847 мянган тун, -20 градуст хадгалах “Moderna” вакцин нийлүүлэхэд 2 сая 358 мянган тун, “AstraZeneca” вакцин нийлүүлэхэд 2 сая 516 мянган тунг хүлээн авах бэлэн байдлыг хангасан гэв.
  • Вакцинжуулалтын төслийн хүрээнд вакцин худалдан авахад 19 сая,
  • Хүйтэн хэлхээний  тоног төхөөрөмжийн шинэчлэлтэд 13 сая,
  • Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, нэгдсэн сургалт, мэдээлэл олгох үйл ажиллагаанд 7 сая,
  • Вакцин хадгалах хөргүүр, нэгдсэн төвийн өргөтгөл, дэд бүтцийг өргөжүүлэх, бэхжүүлэх арга хэмжээнд 1.5 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн гэж байлаа.

Ингээд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Монгол Улсад КОВИД-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөхийг дэмжихийг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь  дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ