СУДАЛГАА:БГД-ийн хоёр орон сууцанд агааржуулалтын хоолойгоор халдвар тархсан байж болзошгүй

2021-01-22

Орон сууцанд коронавирусийн халдвар агааржуулалтын хоолойгоор тархаж байгаа эсэхийг судалж байгаа багийн гишүүн ЭМЯ-ны мэдээллийн үеэр судалгааны дүнгээс танилцууллаа.

Баянгол дүүргийн 6, 12 дугаар хороодод батлагдсан тохиолдлуудыг агааржуулалтын хоолойгоороо халдвар авсан байж болзошгүй гэж үзжээ.

Мөн бусад айлын тамхины, хоолны үнэр үнэртдэг бол агааржуулалтын хоолойгоор коронавирус тархах бүрэн боломжтой гэж судлаач хэлж байлаа.

БГД-ийн 6 дугаар хороонд нэг байрны дөрвөн айлын 8 хүн халдвар авсан тохиолдол:

Энэ тохиолдолд агаар сэлгэлтээс үүдэн халдвар тархсан гэж үзэх магадлал өндөртэй. 5 дугаар орцны 2-5 давхарын айлууд өвчилсөн. Өвчлөл бүртгэгдсэн айлууд агаар сэлгэлтийн нэг сувагтай, айлуудын хоолны болон тамхины үнэр ариун цэврийн өрөөнд нь үнэртдэг. Энэ бол нэг айлаас нөгөө айл руу агаар нэвтэрч байгааг илтгэж байгаа юм. Тус орцны 1 ба 6 дугаар давхрын айлд өвчлөл бүртгэгдээгүй.

Халуун агаар дээшээ урсгалтай тул 1 давхрын айл өвчлөөгүй. Харин 6 давхрын хувьд барилгын хамгийн дээд давхар бөгөөд барилгын хамгийн дээд давхрын хувьд агаар сэлгэлтийг өөр шугамаар авч, гадагшлуулдаг. Тийм учраас өвчлөөгүй байх магадлалтай байна. Тус байрны оршин суугчдын хувьд агааржуулалтын суваг ердийн сараалжтай, гэрэлтэй холбосон сэнс, хааж нээх хавхлаг байхгүй гэж хэлсэн. Ийм учраас агаар сэлгэлтийн системээр халдвар дамжсан байх магадлалтай гэсэн таамаглал гаргаж ирсэн.

БГД-ийн 12 дугаар хорооны нэг орцны 13 хүн халдвар авсна тохиолдол:

БГД-ийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны хувьд цахилгаан шат нь 2020 оны есдүгээр сараас хойш ажиллаагүй. 1992 онд баригдсан 9 давхар барилгын оршин суугчид давхар алгасаж халдвар авсан байгаа. Энэ нь ямар нэг зүй тогтол байгааг харуулж байна.

Агаар сэлгэлт тогтмол хийх, боломжтой бол өдрийн турш цонхоо онгорхой байлгахыг зөвлөж байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ