У.Хүрэлсүхийн улстөрийн нас уртсаж, саяхны хамтрагчийнх нь улстөрийн нас дуусч байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраа огцруулсан нь нийт ард түмэнд төдийгүй улстөрд яваа зарим хүмүүсийн хувьд ч тун хачирхалтай гэнэтийн шийдвэр байлаа. Үүнийг УИХ дээр Ерөнхийлөгч Х.Баттулга болон АН-ын гишүүд “У.Хүрэлсүх огцорч болохгүй” гэж байгаагаас харж болохоор байв.

Ерөнхийлөгчийн сонгуулийн жил гарч улстөржилт хэрээс  хэтрэх нь ойлгомжтой байсан. Гэхдээ огцрохоос нь 24 цагийн өмнө Засгийн газар огцорно гэвэл хэн ч итгэхээргүй байсан юм. Тиймээс л олон хүнд гэнэтийн шийдвэр байсан хэрэг.

Улстөрийн МАНАН-г зайлуулж, байгуулж тогтоосон хана хэрэм, хонгилыг нь нураахдаа У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Х.Баттулгатай хүчээ нэгтгэсэн.

Тэгвэл УИХ дээр хийсэн мэдэгдлээс нь харвал эргээд өөрийг нь МАНАН-туулах гэсэн Х.Баттулгад үгүй гэж хэлж байгаа хэрэг аж.

Тиймээс ч Ерөнхийлөгчийн хэт их эрх мэдлээс шүүх, АТГ-ыг гаргах хуулиудыг батлуулсан гэдэг тодорхой.

Х.Баттулгаар овоглогддог нөхдүүдийг танхимдаа авч сайд болгосон нь МАН-ын гишүүдийн хувьд байнга хачирхалтай харагддаг байсан гэдэг.

Мөн Ерөнхийлөгч ҮАБЗ нэрийн доор Засгийн газрын хийх ажил руу байнга орж зааж, зааварладаг нь ихэссэн тухай ч яригддаг.

Тэр байтугай Х.Баттулга УИХ-ын чуулган дээр үг хэлэхдээ ҮАБЗ урд өмнөх Ерөнхийлөгч нарын үеийнхээс хоёр дахин илүү олон хуралдаж гурав дахин олон шийдвэр гаргасан гэж байлаа.

Бэлэн ба бэлэн бус мөнгө тараалгах Ерөнхийлөгчийн санаачилга ч Засгийн газрыг тайван суухад хэцүү болгож байсан нь ойлгомжтой.

Засгийн газрын “Рио Тинто”-той хийж буй хэлэлцээ хүнд нөхцөлд явж байх зуур Ерөнхийлөгч уг асуудлыг ҮАБЗ-д татаж аваачихаар шахамдуулж эхэлсэн.

Энэ бүхэн улстөрд хамтран тоглож байсан хүнээсээ холдох, салах бодолд хүргэсэн нь ийнхүү биелсэн хэрэг.

Тэгээд ч улстөрийн асар том өрсөлдөөн эхэлж байхад өөх ч биш, булчирхай ч биш байснаас ийм эрс шийдвэр гаргасан нь зүйтэй хэрэг. Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд өөрөө дахин нэр дэвшиж чадах уу, үгүй юу нь тодорхой бус, нэр дэвшүүлсэн намаа хагалаад хаячихсан байж байтал ийнхүү хамгийн том холбоотноо алдаж, дээр нь импичмент болохоор болсон нь УИХ дээр гүйж орж, үг хэлж,…

У.Хүрэлсүхийн хэлснээр түүний улстөрийн нас урт бол саяхны хамтрагчийнх нь хувьд улстөрийн нас нь дуусч байгааг энэ үйл явдал харууллаа.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ