“Тэтгэврийн доод хэмжээг энэ жилд багтаан 500 мянган төгрөг болгохыг шаардаж байна”

2022-01-18

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ахмадын холбооноос тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдлийн талаар мэдээлэл хийлээ.

Монголын ахмадын холбооны тэргүүн Ц.Сүхбаатар:

Сүүлийн үед тэтгэврийг 500-600 мянга болгож өгөөч гэсэн шаардлага тавьж байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 500-600 мянган төгрөгөөр тогтоовол тэтгэврийн доод хэмжээ нэмэгдэнэ. Цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэхийг дэмжиж байгаа.

Тасралтгүй 30-40 жил ажилласан багш, үйлчлэгч, тогооч зэрэг хүмүүс 350 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа хэрнээ завсар нь шоронд оронд хоригдож байсан, ажилгүй байсан хүмүүс нөхөн даатгал хийж, адилхан тэтгэвэр авч байна. Энэ бол шударга биш. Тэтгэврийн доод хэмжээг нь шинэчлэн тогтоохын дээр ажилласан жил болон цалингийн суурийг оролцуулж бодох хэрэгтэй.

Тэтгэврийн доод хэмжээг 500 мянгад хүргэхийг дэмжиж байна.

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга С.Эрдэнэбат:

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхийг шаардаж байна.  МҮЭХ ирэх 4 жил цалингийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлага тавьж байна.

Ахмадууд тэтгэвэртээ гараад шууд ядуурал руу орж байна. 350 мянган төгрөг бол баячуудын өдрийн хоолны мөнгө .Сар шинийн баяраар тэтгвэрийн 350 мянган төгрөгөөр олигтойхон ууц авч чадахгүй. Сар шинийн өмнө нэмэгдүүлнэ гэж итгэж байна. Тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгохыг шаардаж байна.

Энэ хоёр холбоо тусдаа байгууллага мэт боловч хоорондоо холбоотой. Цалин, хөлсийг нэмбэл түүнээс цуглах татвар, НДШ ч нэмэгдэнэ. Түүгээрээ тэтгэвэр, тэтгэмжээ нэмэх хэрэгтэй.

Гадаадад ахмадууд тэтгэвэрт гарахаараа аялж, зугаалдаг. Тэтгэвэр нь өөрт нь хүрч байгаа учраас. Монгол хоёр эрэгтэй хүн тутмын нэг нь тэтгэврээ авч чадалгүй нас барж байна. Тэтгэврийг цаашид өвлүүлдэг болох ёстой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ