Ч.Ичинхорлоо:Төрсний дараа гам алдвал яс үесээр янгинаж, бүх эрхтэн тогтолцоо хямардаг

2021-01-20

Дөнгөж төрсөн эхийг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ халаад, углааштай нь авч гарсан асуудал шуугиан тариад байна.

Тэгвэл төрсний   дараа гам барих яагаад чухал байдаг вэ?

Энэ талаар ардын уламжлалт эмчилгээний “Манба дацан” эмнэлгийн зөвлөгөөг хүргэе.

Төрсний дараа гам алдсантай холбоотойгоор хий бүрэлдсэн өвчин зонхилон тохиолдоно. Савны халуун төрсний дараа хэт их хөөрөх, эсвэл сэтгэлзүйд өөрчлөлт орж нялхардаг учраас ямарваа нэгэн зүйлийг цочмог хүлээж авсанаас сорогзон хий буюу амь баригч хий хямардаг. Ингэснээр их мартамхай болдог.

Төрсний дараах хямралаас шалгаалж ухаан балартах, солиорох аюултай.  Тиймээс сэтгэл санаагаа аль болох тайван байлгаж, бодлоо цэгцлэх хэрэгтэй.

Төрсний дараа гам алдсан тохиолдолд яс үесээр янгинаж, хэвлий дүүрч цанхайдаг

Ер нь төрсөний дараа өөрийгөө маш сайн анхаарч, сэтгэл санаагаа тайван байлгаж, өмсөх зүүх, идэж уухаа хүртэл анхаарах хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн хий бүрэлдсэн өвчин, цус бүрэлдсэн өвчний үед хүмүүс толгой, зүрх өвдлөө гээд ирдэг. Учир нь эдгээр өвчин нь бусад эрхтэндээ бас нөлөөлдөг юм.

  • Тухайлбал, хий бүрэлдсэн өвчин нь толгой, яс, зүрх, бөөр, ходоод, гэдсэнд нөлөөлдөг. Тиймээс толгой эргэх, нүдэнд цагаа унах, ясаар шархирч өвдөх, шагай, шилбээр хүйт оргидог. Энэ бол яах аргагүй эмэгтэйчүүдийн өвчинтэй холбоотой.
  • Хий бүрэлдсэн өвчин зүрхэнд нөлөөлвөл дуршилгүй болно, толгой эргэж, ухаан балартдаг.
  • Бөөрөнд нөлөөлвөл бэлхүүс, үесээр хэсэгчилж өвдөнө, бэлхүүснээс доош унжиж өвдөнө, ходоодонд нөлөөлвөл хэвлий дүүрч цанхайна, үе үе хатгаж өвдөнө.
  • Хоол унд шингэхгүй, сэрүүн хоол хүнс идмээр санагдана, ингээд сэрүүн чанартай юм идчихээр хаван үүсдэг.
  • Гэдсэнд нөлөөлвөл хэвлийн доод хэсгээр тулчихаад хий гарч өгдөггүй, сарын тэмдэг мөчлөггүйгээр ирдэг.
  • Цус бүрэлдсэн өвчин нь мөн л зүрх, уушги, элэг, дэлүү, цөс, бөөр, хөхөнд нөлөөлөх бөгөөд зүрхэнд нөлөөлвөл цээжээр хатгуулж, хэвлийн доод хэсгээр халуу оргиж, шархирч өвддөг.
  • Уушгинд нөлөөлвөл шилэн хүзүү хөшинө, үе мөч бадайрна, нүүр хавагнана, элгэнд нөлөөлвөл нүд улайж, шарлана, дэлүүнд нөлөөлвөл хэвлийн доод хэсгээр өвдөж хатгуулна, ходоод хоржигноно, цөсөнд нөлөөлвөл их ядардаг, ам цангадаг, бөөрөнд нөлөөлвөл бэлгэ эрхтэний завсараар загатнана, халуу оргино, хөхөнд нөлөөлвөл хөх хавдаж зовиурладаг.

Тэгэхээр эмэгтэйчүүдийн өвчин нь бусад эрхтэндээ нөлөөлдөг болохыг сайн анхаарч, эдгээр шинж тэмдэг илэрсэн бол эмчид хандаж, эмчлүүлэх нь зүйтэй.

Эх сурвалж: Манба Дацан эмнэлэг

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ