“Томуугийн шинж тэмдэг илэрч байвал ОМИКРОН хувилбар гэсэн үг”

2022-01-14

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр дараах мэдээллийг өгөв.

Тэрбээр “Манай улсад омикроны эзлэх хувь 70 хувь болсон байна. Бид түүврийн аргаар омикрон илрүүлэх шинжилгээг нэг сая төгрөгөөр хийж байгаа. Томуугийн шинж тэмдэг болох нус гоожих, хамар битүүрэх, хуурай ханилгах, сүүлдээ цэртэй ханиах, хоолой хөндүүрлэж байвал Омикрон мутацаар халдварласан байна гэж үзнэ.

Шинж тэмдэг нь тодорхой тохиолдолд заавал эмнэлэгт хандах шаардлагагүй бөгөөд гэрээр тохирсон эмчилгээг нь хийх хэрэгтэй.

ЭМДСангаас дахиж өвдсөн иргэдэд багцыг олгож байгаа. 160 мянган төгрөг бол эм, ажлын хөлс бүгд багтсан багц. Үүнд 60 гаруй тэрбум төгрөгийг зарцуулсан. Омикрон хувилбар хөнгөн явж байгаа тул гэртээ тусгаарлаад, 38 хэмээс дээш халуурвал халууны эмээ уугаад, хоолойгоо зайлаад эдгэх боломжтой.

Иргэн болгон багц авна гэвэл ЭМДСанд байгаа таны бусад үед хэрэглэх тусламжаас хасагдана гэсэн үг.

Давтан өвдөж байгаа хүмүүсийн 100 хувь нь өвдсөнийхөө дараа вакцин тариулаагүй хүмүүс байна. Хэдэн тунтай ч байж болно. Өвдсөнийхөө дараа нэмж вакцин тариулаагүй бол өвдөх эрсдэл өндөр байна.

Хавьтал болсон, шинж тэмдэг тодорхой бол шууд л эмчилгээгээ хийлгэх хэрэгтэй” гэлээ.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл коронавируст халдварын Омикрон хувилбарын үеийн эмнэл зүйн шинж тэмдэг, эмнэлгийн орны зохицуулалтын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Омикроны шинж тэмдэг 5-7 хоног илрээд, зохих арга хэмжээг авсны дараа эдгэрч байна.

Дельтагийн үед эмнэлэгт хэвтэж байгаа иргэдийн хувьд хүчилтөрөгчийн дутагдалд орж, уушгины хатгалгаагаар хүндэрч байсан иргэд олон байсан.

Одоо омикроны хувьд энэ хүндрэл 2.5 дахин бага тохиолдож байна. Хүндрэх эрсдэл харьцангуй бага.

Омикрон эмнэл зүйн хөнгөн хэлбэрээр тохиолдол байгаа тул гэрийн зөв дэглэмийг баримталвал эмчлэх боломжтой.

Шинж тэмдэг илэрвэл шинж тэмдгийн эсрэг эмчилгээ хийж, тусгаарлалтаа хийх хэрэгтэй.

Хөнгөн үед өвөрмөц буюу вирусийн эсрэг эмчилгээ, антибиотикууд шаардлагатай биш байна.

Тухайн хүнд давамгайлан илэрч буй шинж тэмдгийг дарах амин дэмээр дархлааг дэмжих, өвдөлт намдаха, халуун буруулах эм ууна. Цаашдаа 10 хоног гэхэд гэрээр эмчлэгдэх боломжтой.

12-оос доош насны хүүхэд, ахмад настнууд, хорт хавдартай, эрхтэн шилжүүлэн суулгасан зэрэг эрсдэлд бүлгийн хүн ам болон эмнэл зүйн хүнд шинж тэмдэгтэй иргэдийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх орны зохицуулалтыг хийж байна.

Хоолой хүндүүрлэх, аргах, хоолой зурж байгаа мэт хуурай ханиалгах шинж тэмдэг илрэхээс цээжний өвдөлт гарч эхэлдэг. Үүнийг хатгаатай андуурч байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ