Мал, амьтны гаралтай 18 төрлийн бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргана гэв

2021-01-15

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван гадаад худалдааны нөхцөл байдлын талаар УИХ-д танилцууллаа.

Тэрбээр “Манай улсын худалдааны тэнцэл 2020 онд 2.3 тэрбум ам.долларын ашигтай гарсан. Цар тахалтай үед гадаад худалдааны тэнцэл эерэг гарахад Засгийн газраас хөрш орнуудтай худалдааг хэвийн явуулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүнчлэн эрдэс баялгийн экспорт нөлөөлсөн гэж үзэж байна.

2019 оны байдлаар Монгол Улсын нийт экспортын:
  • 83.7 хувийг олборлох үйлдвэрийн түүхий эд,
  • 1.3 хувийг хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд,
  • 5.7 хувийг нэхмэл сүлжмэл эдлэл тус тус эзэлж байна.

Экспортын бүтээгдэхүүний санхүү татвар болон хууль эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх, уул уурхайн бус бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих замаар экспортыг төрөлжүүлэх, худалдааг хөнгөвчлөх гадаад зах зээлийг тэлэх зэрэг асуудалд анхаарна.  2019 оны байдлаар уул уурхайн бус бүтээгдэхүүний экспорт 823 сая ам.доллар буюу нийт экспортын 10.8 хувийг эзэлж байна.

Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортын хэмжээ сүүлийн таван жилд 40 орчим хувиар өссөн. Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортод ноос ноолуур, нэхмэл эдлэл, үндэсний болон хүнсний бэлэн бүтээгдэхүүн зонхилж байна. 2019 оны мах махан бүтээгдэхүүний экспортыг 2016 онтой харьцуулахад нийт хэмжээ 6.3 дахин, үнийн дүнгийн хувьд 7.5 дахин өсөж, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын өсөлтөд эерэг нөлөө үзүүллээ.

Европын холбооны зах зээлд гаргахаар ажиллаж буй мал амьтан, ургамлын гаралтай 18 нэр төрлийн бүтээгдэхүүний жагсаалтыг Европын комисст хүргүүлж, зорилтот зах зээлийн стандартад нийцүүлэх зорилгоор эрүүл ахуй хорио, хорио цээрийн асуудлыг хэлэлцэх, Монгол Улс, Европын холбооны хамтын ажиллагааны бүтэц бий болгохоор тохиролцоод байна” хэмээн танилцуулсан юм.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ