Ж.Эрдэнэбат нарын гомдлыг УДШ өнөөдөр хянан хэлэлцэнэ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар өнөөдөр Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэх гэж байна. 2021 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр дээрх хэргийг хянан хэлэлцэхээр товлон зарласан.

Гэвч шүүгдэгч Д.Түвшинжаргалын өмгөөлөгч Б.Мөнхбат нь эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд, шүүх хуралдааныг 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр хүртэл хойшлуулахаар шийдвэрлэсэн билээ.

Өнгөрсөн оны долдугаар сард шүүхээс Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад зургаан жилийн хорих ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг мөн зургаан жилээр хассан юм.

Б.Отгонбаатарыг бусдадтай бүлэглэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон, Д.Ганбатыг бусадтайгаа хамтран эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон, Д.Түвшинжаргалыг мөн хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцсон юм.

Б.Отгонбаатарыг нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасч, зургаан жил хорих ял оногдуулсан бол Д.Түвшинжаргалыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, таван жил хорих ялаар, Д.Ганбатыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, гурван жилийн хорих ял тус тус оногдуулсан.

Нийслэлийн прокурорын газраас Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт Эрүүгийн хуулийн 22.1 (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-ийн 22.1-3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд хэргийг шилжүүлсэн.

Ж.Эрдэнэбат нь Сэлэнгэ аймгаас УИХ-д сонгогдсон ба дахин нэр дэвшээд сурталчилгаа хийж явахад нь баривчилж хорьсон юм.

Ж.Эрдэнэбатыг хууль зөрчин барьж, хорьж улмаар хуулиуд зөрчин УИХ-ын гишүүний тангаргийг нь өргүүлэлгүй ялласан нь баахан хэл ам таталж буй. Олон улсын парламентын холбоо ч уг хэргийн талаар санаа тавьж эхэлсэн. Тиймээс УДШ уг хэргийг хэрхэн шийдвэрлэх нь сонирхол татаж буй билээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ