У.Хүрэлсүх: Улсынхаа нэрийг өндөрт өргөж явах ариун үүргээ харанхуй шөнө зүүдэндээ ч санаж явах учиртай

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 110 жилийн ойн баярын өдөрт зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр 12.00 цагт эхэллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:

Монголын хамгийн том баялаг бол монгол хүн та өөрөө юм.

Монгол хүний амьдралын чанар, тэгш байдал, байгалийн баялгийн шударга хуваарилалт, хүртээмжийн асуудалд онцгой анхаарч, эрүүл чийрэг, ажил орлоготой, эрдэм боловсролтой эх орондоо амар амгалан аж төрөх нөхцөлийг бүрдүүлэхэд монгол төрийн бодлого чиглэх ёстой.

Монгол хүний амьдралын чанарыг сайжруулж, хүн амын дийлэнхийг чинээлэг дундаж амьдралтай болгосноор нийгмийн тогтвортой байдал хангагдана.

Ирэх 30 жилийн хугацаанд улс орноо дэлхийн хөгжингүй орны түвшинд хүргэж, нийгэм, эдийн засгийн хөгжил, иргэдийн амьдралын чанар, хүний хөгжлөөрөө Ази тивдээ дээгүүр тооцогдох орон болох томоохон зорилтыг хэрэгжүүлэх ёстой.

Эдгээр зорилтыг ханган хэрэгжүүлэхэд төрийн түшээд онцгойрон анхааран ажиллах ёстой.

Ажлынхаа үр дүнг ард түмнээрээ үнэлүүлдэг төр засагтай байх ёстой.

Босоо заяа, баатарлаг түүхээр бахархаж, өвөг дээдсийнхээ байгуулсан туурга тусгаар Монгол Улсынхаа нэр хүндийг өндрөөс өндөрт өргөж явах ариун үүргээ харанхуй шөнө зүүдэндээ, гэгээн өдөр цээжиндээ үргэлж санаж явах ёстойг иргэн бүр ухамсарлан ойлгож, хүчирхэг Монгол Улсыг бүтээхийн төлөө хичээх ёстой.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn