• Одон орон судалгааны анхдагч,оргил байгуулсан эрдэмтэн

     

     Одон орон судлалын төвийг санаачлан, хөөцөлдөж үүсгэн байгуулагч, дунд сургууль, их, дээд сургуулийн одон орон судлалын сурах бичгийг анхлан зохиож, хүүхэд, залуусын оюуны мэлмийг нээсэн нэрт сурган хүмүүжүүлэгч, профессор, уламжлалт зурхайн ухааныг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, олон бүтээл бичиж үлдээсэн Монголын анхны одон орон судлаач, нэрт эрдэмтэн  Санжмятавын Нинжбадгарын тухай “Зууны 100 эмэгтэй” номонд орсон хөрөг нийтлэлийг хүргэж байна.

    *************

    Богд ууланд одон орон судлалын оргил байгуулах газар хайж яваад Хүрэл тогоотыг олсондоо олзуурхсан С.Нинжбадгар аав нь энд адуугаа манаж явсан, нөмөр нөөлөгтэй сайхан газар хэмээж байсныг санан дурссан гэдэг.

    Аавын адуу манаж ахуйд Нинжбадгар МУИС-ийн оюутан байсан гэхээр 1942-1946 оны явдал. Түүнээс 10-аад жилийн дараа буюу 1956 онд эх орныхоо цэнхэр тэнгэрийг дуран авайгаар харах мөрөөдлөө биелүүлэхээр астрономич Нинжбадгар аавын адуу манаж явсан газар ирээд буй нь энэ.  Аав Санжмятавтайгаа Нинжбадгар ерөөлөөр учирсан гэж хэлэх дуртай. 1924 онд Тамирын голын хөвөөнөө буюу одоогийн Архангай аймгийн нутагт охиныг төрөхөд төрсөн эцэг нь ертөнцийн мөнх бусыг үзсэн байжээ.

    Ээж Долгоржав нь нялх охин, аавын хамт нийслэл хүрээнд ирснээр хөгжил, хөдөлгөөнт их амьдралын замд орж, Санжмятав гэж хүнтэй ханилан суужээ. Ингэж Нинжбадгар ч насан турш овоглох алдраа олов. Тэр үед хотын залуу бүсгүйчүүд цэргийн даргатай суухын хүслэн болдог, Дэмид жанжны цог жавхааг бахдан шагшдаг байж. Санжмятав цэргийн дарга хүн байжээ. Ерөөлөөр учирсан сайхан аав, элбэрэлт ээжийн хайр энхийрлэлд өсөн торниж, Хүрээний бага сургууль, анхны дөрөвдүгээр ангид суралцаж, бичиг ном сурлаа. 1938 онд дунд сургуулиас хэдэн хүүхэд сонгон  авч, дээд сургуулийн дэргэдэх хоёр жилийн бэлтгэлд элсэн суралцуулсны нэг нь С.Нинжбадгар.

    Эндээсээ Шинжлэх ухааны хүрээлэнгийн химийн лабораторид хуваарилагдан хоёр жил ажиллажээ.  1942 онд Монгол улсын их сургууль байгуулагдахад 18 настай С.Нинжбадгар анхны оюутнуудын нэг болж, тоо, физикийн ангид элсэн суралцав. Дэлхийн II дайны хүнд хэцүү нөхцөлд анхны их сургууль байгуулагдахад Зөвлөлтийн багш нар орос хэлээр хичээл зааж, хичээлээсээ хоцрохгүйн тулд орос хэлийг ямар нэг аргаар суралцдаг, дэвтэр, харандаа олдохгүй, тарчиг ядуу оюутны дөрвөн жил өнгөрөв. Анхны их сургуулийн анхны төгсөгчдийн нэг С.Нинжбадгар Багшийн сургуульд хуваарилагдан нэг жил багшлаад байтал нэг өдөр дөрөвдүгээр ангид, дараа нь их сургуульд хамт суралцсан багийн найз Содномтойгоо таарчээ.

    Тэрээр дахин суралцах зорилгоо хэлж, хоёул Шинжлэх ухааны хүрээлэн орж, даргатай нь уулзаад тун нааштай хариу авчээ.

    Зөвлөлтийн шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгчөөс цаг уур, астрономийн мэргэжлээр боловсон хүчин бэлтгэх захидал ирүүлсэн тухай Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга Ж.Жаргалсайхан хэлж, Москвагийн их сургуульд суралцаж байгаа нөхөртэйгээ хамт явахад татгалзах зүйлгүй гэсэн хариу өгчээ. Харин хүүхдүүдээ орхиод явах л хэцүү санагдаж. Гэсэн ч тэрээр Монголын одон орон судлаач анхны эрдэмтэн болохоор холыг зорив.

    Тэр үед Москвагийн их сургуулийн философийн ангид суралцаж байсан Дарамын Төмөр-Очир ханьтайгаа С.Нинжбадгар 1941 онд танилцаж, халуун гал голомт үүсгэн хүү, охин хоёр төрүүлээд байв. Монголын шинэ цагийн шилдэг сэхээтнүүд болохоор том зорилго өмнөө тавьсан залуу хосын алтан Москвад хамт суралцсан он жилүүд дурсгалтай сайхан. Сурах эрдэм зүгээр олдохгүй, унтах нойр, идэх хоолоо хасч байж л бүтнэ гэж хэлэх нөхрөө даган С.Нинжбадгар  номын санд байнга сууна. Хэдий тийм ч  хоёул зав л гарвал  Орос орны соёлоос олж хүртэх санаатай музей, театр байнга шахам үзнэ.

    С.Нинжбадгар Ломоносовын их сургуульд одон орны астрометрийн салбарын мэргэжлээр Зөвлөлтийн Шинжлэх ухааны академийн сурвалжлагч гишүүн, профессор, тэнгэрийн өмнөд хэсгийн бүдэг оддын бүртгэлийг гарган эрдэм судлалын ажил хийсэн  М.С. Зверев багшийн удирдлага дор суралцаж байв. 1949 оны хаврын нэг өдөр багш нь Зөвлөлтийн Астрономи-геодезийн нийгэмлэгийн хурал дээр Монголын тухай илтгэл тавихыг оюутан шавь С.Нинжбадгарт даалгажээ. Тэрээр Монгол орны газар зүй, цаг уурын онцлогийн тухай, малчид од, гаригийн байрлалаар цаг агаарыг шинжин мэддэг гэх мэтээр ярьж, шинийн 2-ны сар, мичид сарны тохиолын утга учрыг тайлбарласанд  одон орон судлаачид ихэд анхааран сонсч, нэрт одон оронч А.Я.Орлов бүр гэртээ урьжээ.

    Эрдмийн их уурхайд нэрт одон орон судлаачдаар хичээл заалгаж, Одон орон судлалын хүрээлэнд дадлага хийж, суралцан буй мэргэжилдээ үнэнхүү дурлаад байсан оюутанд үүн шиг аз завшаан үгүй. Нэг өдөр нөхөр Д.Төмөр-Очирын хамт зочлон очжээ.

    Эрдэмтэн А.Я.Орлов Монгол орны өргөн уудам нутагт өргөрөгийн судалгааны станц байгуулахын чухлыг хэлж өгчээ. Энэ уулзалт С.Нинжбадгарын оюун ухааныг нээж, Монголынхоо хөх тэнгэрт холын ертөнцийг дуран авайгаар ажиглах  нь мөрөөдөл биш, бодит зүйл гэдгийг ухааруулж өгчээ. Огторгуйн дуран авиаг Орос, Германы алинаас авахаа хүртэл тооцоолон бодох болов. Ямар ч гэсэн нутагтаа очоод ярих юмтай, амьдралын зорилготой болсон мэт санагдана. Тэр үед Зөвлөлтөд 5 секундын жижиг огторгуйн дуран дөнгөж хийж эхэлж байсан ба С.Нинжбадгар тэр дуран дээр ажиллах, ажиглалт хийх сэдвээр дипломын ажлаа хамгаалан, 1950 онд сургуулиа төгсөв.

    Ломоносовын их сургуулиас түүнийг Украйнд эрдмийн ажил хийлгэхээр хуваарилсан байсан ч эх нутаг руугаа тэмүүлэв. Дунд сургуулийн багш гэсэн цол, дээд сургуульд багшлах эрх, одон орон судлалын шинжлэх ухааны салбарын эрдэм шинжилгээний  ажилтан гэсэн диплом өвөрлөн ирэхэд өөдөөс нь их сургуульд багшлах санал тавьжээ. Гэвч тэр огторгуйн дуран хөөцөлдөхөд дөхөмтэй гэж бодоод Шинжлэх ухааны хүрээлэнд орж, их сургуульд цагийн багшаар ажиллав. Энэ хугацаанд эрдэмтдийн лекцийг товхимол болгон хэвлүүлэх, олон нийтэд уншиж өгөхийн зэрэгцээ эмэгтэйчүүдийн байгууллага, үйлдвэрчний эвлэл болон намын сонгуульт ажлууд хийж, хотын депутатаар хүртэл ажиллав. Сэтгэлийн мухарт хадаастай дуран авиа авч, цэнхэр тэнгэрээсээ хол, ойрыг дурандах мөрөөдлөө ч битүүхэн тээсээр, өргөргийн болон газар хөдлөлтийн станц байгуулах хүсэлтийг дээд газарт хэд хэдэн удаа тавьсан ч нааштай хариу өгсөнгүй.

    Иймэрхүү маягаар ажиллаж байтал олон улсыг хамарсан Олон улсын геофизикийн жил тохиож, Монгол улсыг уг үйл ажиллагаанд оролцуулахаар Зөвлөлтөөс мэргэжилтэн ирж, Үндэсний хороо хүртэл байгуулагдан С.Нинжбадгарыг нарийн бичгийн даргаар томилов.

    1956 оны хавар Олон улсын геофизикийн жилийн салбар хуралдаан Москвад болоход С.Нинжбадгар оролцон Монгол орныхоо мөнх цэвдэг, мөсөн гол, цаг уурын онцлогийн талаар илтгэл тавьж, мөнөөх л станц байгуулах саналаа дахин тавьж, багаж, хэрэгслийн туслалцаа үзүүлэхийг хүслээ.

    Польш, Орос, Герман, Хятад гээд хуралд оролцсон бүх л орныхон туслахаа илэрхийлж, багш Зверев нь хүч нэмжээ. Хурлын дараа шууд л ажилдаа орж, Зверев багштайгаа хамтран Монголдоо  одон орон судлалын төв байгуулах нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, Зөвлөлт холбоот улсын ШУА-ийн Одон орон судлалын зөвлөлөөр батлуулав. Ингэж хэдэн жилийн бодол мөрөөдөл болсон тоо-физикийн нарийн ухааныг эх орондоо хөгжүүлэхээр болсондоо туйлын ихээр баярлаж, хажуугаар нь улсаас хөрөнгө гаргаж өгөхгүй бол яана гэсэн битүүхэн санаа зовно. Тэндээсээ шууд Герман улсад очин, огторгуйн дуран авиа авах захиалгаа өгөөд буцаж иртэл Гадаад худалдааны орлогч сайд З.Соль жаахан дургүйхэн байж. Тэгэхээр нь оймс, гутал урагдаад алга болно, огторгуйн дуран авиа зуун жилээ даана шүү дээ гэсэн гэдэг. Үнэхээр ч тэр үед авчирсан дуран авиа бараг 60 жилийн дараа С.Нинжбадгар гуайг дурсамжийн номоо бичиж суухад ажилласаар л байсан билээ.

    Станц байгуулах ажилд улсаас 200 мянган төгрөг өгч, аавынх нь адуу манаж явсан сайхан газрыг ч сонгож, утас, цахилгаан татах, зураг, төсөл хийлгэх, барилга байшин бариулах нөр их ажил ундарч, бүгдийг С.Нинжбадгар хариуцан хийлээ.   Гурван жил барьж байгуулсны эцэст БНМАУ анх удаа Одон орон геодезийн ажиглалт судалгааны сайхан төвтэй болж, тэндээ зүүн Герман, Зөвлөлт, Польш, Хятадаас нарийн ажиллагаатай, хүчирхэг дуран, багаж тоног төхөөрөмж суурилуулж, Монгол хүн тэнгэр сансрыг дурандаж, од эрхэстэй нөхөрлөж эхэлсэн юм.

    Барилга барьж байх явцдаа ажиллах боловсон хүчнээ ч давхар бэлтгэж, 1957 оноос судалгааны ажилдаа оржээ. Огторгуйн дуран авиагаа ч суурилуулж, од түгэж эхлэх үдшийн бүрийгээс үүр цайж од гариг үзэгдэхгүй болох хүртэл шөнийн турш ажиглалт хийнэ. Од, сарнаас гадна нарны ажиглалт хүртэл хийхээр болж, нарыг дуран дотор хиймлээр хиртүүлэх аргаар нарны титэм буюу өнгөт мандлыг дурандах болжээ. Токиогоос Алма-Ата хүртэлх өргөн уудам нутагт анхны нарны ажиглалт Монголын цэнхэр тэнгэрээс ийнхүү эхэлжээ. 1962 онд Одон орон судлалын оргилын төвийнхөн нарны титэмийн зургийг гарган авч, бөөн баяр болжээ. С.Нинжбадгар эрдэмтний бичиж үлдээснээр, нар бол дэлхийд хамгийн ойрхон од учраас түүнийг судалснаар дэлхий дээр соронзон шуурга болох, цаг агаар өөрчлөгдөх, туйлын туяа татах, газар хөдлөх, галт уул идэвхжих, тэр байтугай хүний эрүүл мэндэд хүртэл ямар нөлөөлөл үзүүлэхийг ч мэдэж болох ажээ.

    Өөрийн байгуулсан Одон орон судлалын төвийн захирлаараа С.Нинжбадгар 1965 он хүртэл ажилласан юм. Энэ хүртэлх зам ололт амжилт ихтэйн дээр онцгой үйл явдлаар баялаг.

    1957 оны сүүлээр түүнийг “Зенит” дуран хөөцөлдөөд Польш улсад явж байтал эх оронд нь асар хүчтэй газар хөдлөлт болсныг сонсчээ.  Арванхоёрдугаар сарын 5-нд одоогийн Говь-Алтай аймгийн нутаг Их Богд хайрханаас голомтлон Их, Бага богд, Аж богдын нурууг дайрч хагалбар үүсгэн, ойролцоох сумын төвүүдийн барилга байшин нурж, нийт 13 хүн нас барж, олон хүн бэртэж гэмтэн 80 орчим мянган мал дарагдаж, ойролцоох сумын төвүүд сүйрчээ.

    Газар хөдлөлийн станцын захирал С.Нинжбадгар  20 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлэн газар дээр нь ажиллахад уул хайрхан байрнаасаа хөдөлсөн, дунд нь дов толгод үүссэн, нутгийнхан хүртэл нутаг газраа танихгүй байжээ. 12 баллын хүчтэй уг газар хөдлөлтийн талаар судалгааны багийн ахлагч С.Нинжбадгар тайлан бичиж, баримтат кино хийн Олон улсын геологийн жилийн хурал дээр үзүүлж өндөр үнэлгээ авав. Уг судалгааны ажил Монгол оронд одон орон, геофизикийн судалгааны ажлыг эрс түргэсгэж, гадныхны анхаарлыг ч онцгой татсан гэдэг.

    Тэрээр уг хурал дээр “Тийм хүчтэй газар хөдлөлтөд ганцхан монгол гэр л тэсэж үлддэг юм билээ “ хэмээн үндэсний сууцаа үнэн мөнөөр сурталчилж явжээ. Энэ мэтээр Монголын одон орон судлалын шинжлэх ухаанд түүний оруулсан гавьяа зүтгэл үнэхээр их байлаа. Зөвлөлтөд холбоот улсад суралцсан учраас орос хэлэнд гаргуун, хамтын ажиллагаа өргөн, дэмжлэг их учраас тэндээс хөрөнгө туслалцаа авч ч чаддаг байв.  Харамсалтай нь түүний  гавшгай амжилтууд удаан үргэлжлээгүй юм.

    1962 онд түүний нөхөр Дарамын Төмөр-Очирыг улстөрийн шалтгаанаар хэлмэгдүүлж, нутаг заан хөдөө явуулахдаа гэргий С.Нинжбадгарыг үлдэж ажлаа хийхийг санал болгосон гэдэг. Гэвч тэрээр “Төмөр-Очиртой суусан болохоос Төв хороотой суугаагүй” гэж…

    Ингэж овоо явж байсан Монголын одон орон судлал гал цогтой ганц эрдэмтнээрээ дутаж, С.Нинжбадгар харин 18 настайдаа ханилсан хайрт ханиа  1985 онд бусдын гарт эмгэнэлтэйгээр амь насаа алдах хүртэл ёстой л нэгэн биенийх нь түшиг болж явсан юм. Тэрээр “Өсөхөд эр эм, өтлөхөд аав ээжийн үлгэрээр бид насан туршдаа бие биедээ хайртай байлаа” хэмээн амьдралын түүх хүүрнэсэн номондоо бичиж үлдээжээ.

    Эрдэмтэн С.Нинжбадгар нөхөр Д.Төмөр-Очир,хүүхдүүдийн хамт

    Нийгэм өөрчлөгдөж, цаг уясахад нөхөр Д.Төмөр-Очирыг нь цагаатгасан бичиг, өөрийнх нь профессор цолыг сэргээсэн гэрчилгээ хоёр хамт ирсэн гэдэг.  Амьдралын хатуу хөтүүтэй нүүр тулсан ч үргэлж ямар нэг дэвшилтэт зүйл хийсээр ирсний  баталгаа бол  С.Нинжбадгарын  зурхай судлалын шинжлэх ухааны хөгжилд  оруулсан хувь нэмэр билээ. Тэнгэр эрхэсийн байрлал, нар сарны хиртэлт зэргийг тооцоолдог монгол зурхайн өвөрмөц аргыг ахмад зурхайч Жамц, Жамба нарыг урьж залан авчирч, 1962 оны усан бар жилээс эхлэн цаг тооны бичиг хийж, “Шинжлэх ухаан” сэтгүүд хэвлүүлжээ. 1965 онд нөхрөө даган Хөвсгөл аймагт явахдаа хүртэл үргэлжлүүлэн зурхайч Пүрэвсүрэнгийн хамт зурхайн эхийг 1966 оны гал морин жилд шилжүүлж, хэд хэдэн хүснэгт зохиож, 60 жилийн литийн зурлага үйлдэх зэргээр ажилласан байх юм.

    Энэ гайхамшигт эмэгтэй 1953 онд “Орчлонгийн тогтоц” ном, 1956 онд “Одон орны ухааны дунд сургуулийн сурах бичиг”, 1968 онд “Одон орон” их, дээд сургуулийн сурах бичиг, 1998-1999 онд “Монгол зурхайн ном” зэрэг 10 орчим бүтээл бичжээ. Түүний эрдэмтэн зохиолч Э.Оюунтай хамтран бичсэн “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг ихэд алдаршсан. Хамгийн сүүлд 2004 онд “Монгол зурхайн лит” хэмээх бүтээл хийсэн бөгөөд “Хүн байгалийн амьтан юм чинь байгальтайгаа нягт холбоотой” хэмээн ярьсаар байсан билээ.

     

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ