52 дахь жилдээ мал маллаж буй Ц.Доржсүрэн гуай Хөдөлмөрийн баатар боллоо

2021-12-27

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, орчин цагийн худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүст төрийн дээд шагнал, одон, медаль гардууллаа.

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ:

Хөдөө аж ахуйн салбарын бодлого, төлөвлөлтийг боловсруулахад 60 гаруй жил хичээл зүтгэл, идэвх санаачилгатай ажиллаж, газар тариаланг бие даасан салбар болж хөгжихөөс эхлэн “Атрын III аян”-ыг манлайлан хэрэгжүүлж, залуу боловсон хүчнийг бэлтгэн дадлагажуулахад оруулсан хөдөлмөр зүтгэлийг үнэлэн Ерөнхий сайд асан, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монголын гурил үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Шаравын Гунгаадорж;

Хүнсний аж үйлдвэрлэл, сүүний салбарын хөгжил, эрдэм шинжилгээний ажилд оюун ухаан, эрдэм мэдлэгээ зориулж салбарын хөгжил, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох, бодлого боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын зөвлөх инженер, Техникийн шинжлэх ухааны доктор, профессор Лувсансүрэнгийн Дамдинсүрэн;

Мал аж ахуйг хөгжүүлэхийн зэрэгцээ, уламжлалт ахуй, соёлоо хадгалан хамгаалах, үр хойч үедээ өвлүүлэн үлдээх хүндтэй үйлсэд амьдралынхаа 46 жилийг зориулсан Архангай аймгийн Ихтамир сумын малчин, Хөдөө аж ахуйн ухааны академийн жинхэнэ гишүүн, академич Цэдэндоогийн Доржсүрэн;

Усалгаатай газар тариаланг хөгжүүлэх, шинэ техник, технологи нэвтрүүлэх, ургацын хэмжээг тогтмол өндөр түвшинд хадгалах зэргээр газар тариалангийн салбарт оруулж байгаа бодитой хувь нэмрийг нь үнэлж Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Арвин хур” ХХК-ийн ерөнхий захирал Чойгонжавын Чадраабал нарт хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Тэрбээр “16-тайгаасаа мал дээр гарсан, 52 жил мал маллаж байна. 2005 онд Улсын сайн малчин болж 2012 онд 1000 сарлагийн баяр хийсэн. Архангайчууддаа баярлалаа гэж хэлмээр байна. Залуу малчиддаа хандан миний амжилтаас илүү амжилт гаргаарай гэж хэлмээр байна” гэлээ.

Холбоотой мэдээ