“Сүрьеэгээр өвчилсөн иргэд өөрөө ч мэдэлгүй бусдад халдаах тохиолдлууд гарч байна”

2021 онд ДЭМБ-аас Монгол улсыг сүрьеэгийн дарамт өндөртэй 30 орны нэгээр зарласан бөгөөд улсын хэмжээнд  халдварт өвчний шалтгаант нас баралтын нэгдүгээрт сүрьеэ өвчин бичигдсээр байна. Тодруулбал, жилд сүрьеэгийн 3500 орчим шинэ тохиолдол бүртгэгдэж, уг  өвчний улмаас жилд 200 гаруй хүн нас бардаг. Түүнчлэн сүүлийн жилүүдэд хүүхдийн сүрьеэгийн тохиолдол  нэмэгдсээр байна. Энэ оны  эхний 9 сард 0-14 насны 213 хүүхэд сүрьеэгээр өвчилсөн байна. Энэ нь өнгөрсөн оноос 0.4 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Цар тахлын нөхцөл байдал, хөл хорионоос шалтгаалан  сүрьеэгийн илрүүлэг үзлэгийн тоо 2 дахин буурч, улсын хэмжээнд бүртгэгдвэл зохих сүрьеэгийн шинэ тохиолдол зорилтот түвшинд хүрэхгүй байна. Тухайлбал, 2021 оны III улирлын байдлаар  сүрьеэ өвчний 1735 шинэ тохиолдол бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс  36.3 хувиар буурсан.  Илрүүлгийн хувь буурснаар өвчлөл улам бүр нэмэгдэх эрсдэлтэй. Учир нь, сүрьеэ  амьсгалын замаар дамжин халдварладаг, архаг явцтай өвчин тул иргэд өвчилснөө мэдэхгүй явсаар хүндрүүлэхийн зэрэгцээ бусдад халдвар тараасаар байдаг. Халдвартай хэлбэрийн  сүрьеэтэй  хүн жилд 10-15 хүнд халдвар тараадаг.

Хуралд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга Э.Оюунчимэг нар оролцлоо. Сүрьеэгийн тархалтыг бууруулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үр дүнтэй аргуудын нэг нь сүрьеэгийн халдварт өртсөн гэр бүлийнхнийг сүрьеэгийн далд халдварын эмчилгээнд бүрэн хамруулах явдал юм.  2021 онд 1350 далд халдвартай тохиолдлыг эмчилгээнд хамруулахаар төлөвлөсөн ч 12 дугаар сарын байдлаар 13.1% нь эмчилгээнд хамрагдсан байна. Иймд цаашид сүрьеэгийн илрүүлгийг нэмэгдүүлэх, сүрьеэгийн далд халдварын эмчилгээний хамралтыг нэмэгдүүлэх, Эрүүл мэндийн сайдын  2021 оны 07 дугаар албан даалгаварын эрчимжүүлэх шаардлагатай байгаа юм. Үүнд эмч, мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллагаас гадна иргэд, олон нийтийн оролцоо чухал.

Эх сурвалж: ЭМЯ


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn