
УИХ-ын гишүүн С.Ганбаатараас Оюутолгойн хэлэлцээрийн талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Рио Тинтогийн дээд удирдлагууд зөвшилцмөөр байна, тодорхой алдаа байгаа гэдгээ хүлээн зөвшөөрсөн захиадал ирүүлж, хандаж байгаа хандалга нь зөв. Мөн төр нь ард иргэдтэйгээ хамт байсан нь хамгийн зөв зүйл.
Тааруу зүйл нь ирүүлсэн таван санал нь дахиад л биднийг хуурах гэж байна.
Нэгдүгээрт, 34 хувиас өнөөдрийг хүртэл бий болсон өрийг тэглэе гэж байгаа нь цаашид дахин өр үүснэ, биднийг хүүлэхээ зогсохгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын 34 хувийн заалтыг өөрчлөх ёстой. Баялгаа Рио Тинтод өгчихөөд, гарсан ашгийн 34 хувийг зээл тавьж худалдаж авъя гэж болохгүй.
Нөгөө тал 100 алхам түрэмгийн урагшлаад, нэг алхам зөөлөн хойш ухарч байна гэсэн үг.
Хоёрдугаарт, аудит оруулж болно гэж заасан. Угаасаа аудит оруулах ёстой.
Гуравдугаарт, уул уурхайн томоохон төслүүдэд хяналтаа сайтар тавих ёстой. ТУЗ-д байгаа хүмүүс маш өндөр хяналттай, хариуцлагатай байх ёстой.
Дөрөвдүгээрт, Дубайн гэрээг цуцлахаас илүүтэй монголын газар нутгийг 15 банкны барьцаанд тавьсан асуудлыг засах ёстой, үүнээс гарсан хохирлыг засах ёстой. Дубай гэрээ бий болж, монголчуудад бий болсон хохирлыг барагдуулах ёстой. Дубайн гэрээ гэдгийг Ерөнхий сайд асан хүн хувь хүнийхээ хувьд Дубайд очоод, төрийн байгууллагуудаас зөвшөөрөл авалгүй очиж, гэрээ хийсэн. Тийм учраас энэхүү гэрээ бол угаас хүчин төгөлдөр бус” гэлээ.