Шүдний эмч, мисс Б.Бадамцэцэг “Нийслэлийн шилдэг залуу”-гаар тодорлоо

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Улаанбаатар хотын хөгжил, дэвшил, нийгмийн сайн сайхны төлөө эрдэм мэдлэг, хүч хөдөлмөр, авьяас чадвараа зориулан, бусдыг манлайлан ажилласан “Нийслэлийн шилдэг залуу”-г тодруулах арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа.

Төрсөн өдөр бүрээрээ хүүхдүүдийн шүдийг үнэгүй эмчилдэг шүдний эмч, мисс  Б.Бадамцэцэг “Нийслэлийн шилдэг залуу”-гаар, тэр дундаа хүмүүнлэг үйлстэнээр тодорчээ.

Түүний хувьд төрсөн өдрөөрөө болон өөрийн санаачлан нээсэн “Шүд болон амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох үндэсний сан”-гийнхаа үйл ажиллагаагаар дамжуулан нийт 800 гаруй хүүхдийн шүдийг эмчлээд байна.

Тэрбээр “Би 2012 оноос хойш хүмүүнлэгийн үйлсэд гар, бие оролцож байна. Цаашид эцэг, эхчүүдэд хүүхдийн шүд болон амны хөндийг арчлах, эрүүл мэндийн боловсрол олгох ажил хийнэ. Одоогоор нийслэлийн 17 цэцэрлэгээр явж эцэг, эхчүүдэд нь онлайнаар сургалт явуулаад байна. Хүүхдүүдийн амны хөндийн өвчлөл 96.6 хувийн тархалттай байгаа. Энэ нь эцэг эхчүүдэд хүүхдийнхээ шүдийг арчлах боловсрол маш дутмаг байгааг харуулж байна” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn