Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн нь өнөөгийн Монгол улсын үндэс суурийг тавьсан хэрэг байлаа

Монгол улс тусгаар тогтнолоо тэртээ 1911 онд сэргээн тунхагласны 110 жилийн ойн баярт өдөр тун удахгүй тохиож байна. Тэр өдөр буюу 1911 оны 12 сарын 29-нд одоогийн Улаанбаатар хот буюу Их Хүрээнд VIII Богд Жибзундамба хутагтыг тулгар улсын хаанд өргөмжилж, Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсаа тунхагласан. Засгийн газраа шинээр 5 яамтайгаар байгуулсан. Өтөл настандаа ивээлээ хайрласан, манжийн хуулиар шийтгэгдэгсдээ өршөөсөн. Энэ мэтээр тэр гэрэлт өдрийг дурсвал дуусахгүй. Орчин цагийн Монгол улсын оршин буйн үндэс нь Тусгаар тогтнолоо эргүүлэн олж авсан явдал хэмээн манай түүхч, судлаачид үздэг.

Зуугаадхан жилийн өмнө мөхөж сөнөхдөө тулж, гадны судлаачдаар муу муухайгаа дуудуулж байсан Монгол улс, монгол үндэстэн өнөөдрийн өндөрлөгт яаж хүрч ирэв ээ. Энэ бол тэрхүү 100 жилд монгол үндэстэнд байнгын тэмцэл, хөгжил дунд явж, тэдгээрт дандаа ялж дийлж ирсэнийг батлах хамгийн том баталгаа буй за.

200 гаруй жил Манж Чин гүрний эрхшээлд байсан Монголчууд 20 дугаар зууны эхнээс эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэх болсон. Энэ нь дэлхийн хүчирхэг их гүрнүүдэд тал талаасаа хэмлүүлсэн Манж гүрэн бууран доройтож байсантай, мөн тус гүрнээс улсаа тэнхрүүлэхийн тулд гаргасан шинэ Засгийн бодлого гээчтэй холбоотой.

Уг бодлого нь Манжийн төрд хятад түшмэд ноёлох болсонтой холбоотойгоор Монгол, Шинжаан Уйгар, Төвдийг шинээр засах гэсэн зорилготой байлаа. Ингэснээр хятадуудыг эдгээр улс орны нутагт олноор нь түлхэн оруулж эхэлсэн. Монгол хэдий Манжийн хараат улс байсан ч хятад наймаачдыг тус улсын нутагт хугацаа зааж оруулах бөгөөд хугацаандаа буцаж гарахгүй бол ял хэлэлцдэг байсныг халсан нь тийнхүү хятад иргэдийг олноороо орж ирэх боломжийг олгож байлаа. Үүнээс гадна түшмэг харилцаатай байсан монголыг шинээр колоничлох уг бодлого монгол ноёд, язгууртныг манжийн төрөөс холдуулахад татварын бодлогоос эхлээд олон зүйлс хятаджсаных билээ.

Тиймээс Монголын ноёд төдийгүй, ард түмний дунд Манж, хятадыг муушаах, илт эсэргүүцэн тэмцэх явдлууд үргэлжлэн гарах болов. Зарим хошууд дахь ардын хөдөлгөөнүүд, дугуйлан, 1900 онд гарсан Улиастайн 2000 цэргийн бослого, Далай ламыг даган одсон Чин вангийн хүүгийн толгойг авсан гээд олон үйл явдал 20 дугаар зууны эхээр тохиов.

Энэ бүхэн Монголчуудын хорсол зэвүүцлийг төрүүлсээр бөлгөө. 1910 онд Хүрээнд амбанаар томилогдон ирсэн Саньдо бээр цэрэг, зэвсэг хуралдуулахыг санаархаж, бас ч хүрээний хогийг цэвэрлүүлж, гэрэлтүүлэг тавиулж эхэлсэн аж. Манжийн шинэ амбан ирж хатуу бодлого явуулж эхлэх гэсэн энэ бодлого нь нь Монголчуудын нийтийн эсэргүүцэлтэй тулгарч лам нар болон хятад худалдаачдын хооронд зодоон үүсч, амбан өөрийн биеэр тараахаар очсон ч түүнийг хөөж явуулсан байдаг. Хэдий Шанзавын яам шавь лам нараа улаан цайм өмөөрсөн ч, манж амбан хятад худалдаачдын хохирлыг төлүүлсэн явдал цаашид Монголчуудад тэсч тэвчих боломжгүй болохыг харуулсан дохио болсон билээ.

1911 оны туршид монголчууд нийтээрээ ил, далд тусгаар тогтнолоо сэргээх үйлсдээ бэлдсэн юм. Тэр жилийн зун даншиг өргөх наадамд ирсэн ихэс, ноёд Богдод мандал өргөх нэрээр Богд хан уулын аманд цуглаж, чуулаад тусгаар тогтнохын тулд Орос улсаас тусламж гуйхаар болж, Да лам Цэрэндорж, Чин ван Ханддорж, гүн Хайсан нарыг элч төлөөлөгч болгон мордуулсан юм.

Энэ тэмцэл өргөжсөөр намар нь Их хүрээний хэргийг түр эрхлэн шийтгэх газраас Хүрээн дэх амбан Сандог хөөж явуулснаар Монгол улс эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн түүхтэй. Энэхүү Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан гайхамшигт үйлсийг удирдсан хүмүүс хэдхэн жилийн дотор урь, хойдох хоёр их гүрнийхэнд таалагдахгүй хорлогдон мөнх бусыг үзсэн түүх бий. Энэ тэмцэл цаашид энэ мэт олон сорилт тавигдаж, заримдаа бүр мухардалд хүргэсэн ч тэр бүхнийг даван туулсаар өнөөдрийг хүрсэн. Энэ 110 жилийн хугацаанд гамин, бароныг устгаж, Монгол улсад Ардын хувьсгал 1921 онд ялж, 1924 онд улсынхаа анхны Үндсэн хуулийг баталсан.

1940 он, 1960 онд Үндсэн хуулийг шинэчилж байлаа. 1992 онд анх удаа Ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталсан билээ.

Цаашилбал 1930-аад оны хэлмэгдүүлэлтийг даван туулсан Монгол 1939 оны Халх голын дайнд ялсан. Ийнхүү Монгол урагш давшсаар. Энэ бүхэн тэртээ 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний үргэлжлэл болж ирсэн нь түүхэн үнэн. 1945 оны Бүх нийтийн тусгаар тогтнолын төлөөх санал асуулга, түүнээс хойших 15 жилд дэлхийн хамтын нийгэмлэг НҮБ-ын бүрэн эрхэт гишүүн болох хүртэлх тэмцсээр 1961 онд тус байгууллагад элсэн ба эцэст нь 1990 оны Ардчиллын төлөөх хөдөлгөөн өрнөсөн. Эдгээр үйл явдал бүхэн залгамж чанартай байсныг түүхнээс харж болно.

1918 оны хүн амын тооллогоор 500 гаруйхан мянган хүнтэй түүнээс 100 мянга нь хятад иргэд, бас 100 мянган эрчүүд нь эхнэр авах эрхгүй лам нар байсныг тоочоод мөхөж яваа үндэстэн гэж гадны хүмүүс дүгнэж байсан түүх ч бий.

Гэхдээ Ардын хувьсгал /1921 он/ ялснаас хойших хугацаанд хүн амын тоо 3 сая гаруйд хүрч, ард олны дунд ихэд түгээмэл байсан өнгөний өвчин ор үндэсгүй устаж, зөвхөн мал аж ахуй голлож байсан улс орон үйлдвэр, аж ахуйн орон болсон.

Энэ хугацаанд Монгол улсад улстөрийн хэлмэгдүүлэлт, нэгдэлжүүлэлт, атар эзэмших, соёлын довтолгоон, ардчилсан хөдөлгөөнүүд явагдаж, аймгийн төвүүд, Дархан, Эрдэнэт хотууд цоо шинээр баригдан тэр чинээгээр улс орон хөгжин дэвшиж өнөөдөртэйгээ золгосон билээ.

Энэ бүхний үр дүнд нөгөө Монгол улсыг Манж-Хятадад 200 жил, Москвад 70 жил толгойгоо мэдүүлсэн гэдэг байсан дэлхий Азийн цээжин дэх Ардчиллын арал гэхчилэн гоёор нэрлэх болсон нь нэн шинэ түүх.

Монгол улсад шинэхэн ардчилал тогтсон тэр жилүүдэд ч 1911 оны ҮЭЧХ, Богд хаант Монгол улс байгуулж, тусгаар тогтнолоо сэргээсэн тэрхүү гайхамшигт үйл явдал үл тоогдож ирсэн. Тэр л цагт 1997 оны 12 сарын 29-ний өдөр МУИС, МУБИС-ийн түүх, нийгмийн ухааны салбарын оюутнууд, магиструуд бид Богдын Ногоон ордонд цуглан энэхүү баярыг өөрсдийн хувьд баярын өдөр болгон оргилуун дарс буудуулан хэсэг ярилцаж сууж билээ.

Өнөө цагийн Монголын урдаа бариьдаг түүхчид болох Ч.Болдбаатар, Ю.Болдбаатар, Д.Мөнх-Очир, На.Сүхбаатар, С.Өлзийбаяр, Б.Батсүрэн нар тэргүүлэн Тусгаар тогтнолоо сэргээсэн баярыг ийнхүү жил болгон тэмдэглэн өнгөрүүлэх болсон билээ. Удалгүй шинэ жилийн шампанскт дарагдан өнгөрдөг байсан Тусгаар тогтнолын ойн баярыг Монголын төр засаг анхааралдаа авч УИХ-ын 2007 оны 8 сарын 16-ны хуулиар 12 сарын 29-г нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгон улмаар 2011 оны 12 сарын 23 өдрийн хуулиар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор хуульчилсан юм. Энэ өдөр улс нийтээрээ амардаг болсон.

Ийнхүү оюутан бидний тэмдэглэж ирсэн баярын өдөр Монгол улсын баярын өдөр болон хуульчлагдаж, Богд хааны Ногоон ордон жил бүр Төр засгийн, улстөрийн намуудын төлөөллүүд эрдэмтэн судлаачид, оюутан залуусын төлөөллүүд цугларч баяраа тэмдэглэх болсон билээ.

Монгол улсын эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 110 жилийн ойн баярын мэндийг та бүхэндээ өргөн дэвшүүлье.

Gereg.mn сайтын эрхлэгч О.Ганхуяг


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn