АНУ-ын цахим сүлжээгээр тараад буй уг дотоод журмын талаар “Google” компаниас аливаа үгүйсгэсэн байр суурь илэрхийлээгүй ажээ. Заавал вакцинд хамрагдах шаардлага тавьснаар ажилчдын аюулгүй байдлыг хамгаалж, цаашлаад компанийн үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцөл бүрдэнэ гэж тус компанийн ажилтан мэдээлжээ.
“Google” компанийн ажилтнуудын хувьд арванхоёрдугаар сарын 3-ны дотор вакцинжуулалтын гэрчилгээгээ компанидаа бүрдүүлж өгөх, үгүй бол эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах ёстой байлаа.
Тус компаниас “Хэрвээ ирэх оны нэгдүгээр сарын 18 гэхэд уг шаардлагыг биелүүлэхгүй бол 30 хоногийн хугацаатай цалинтай чөлөө олгоно. Дараа нь зургаан сар хүртэл хугацааны цалингүй чөлөө олгоно. Эцсийн арга хэмжээ нь ажлаас халах байх болно” гэжээ.
АНУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн яамнаас 100 ба түүнээс олон ажилтантай компаниудын хувьд бүх ажилтан нь нэг бол вакцинд хамрагдсан байх, үгүй бол долоо хоног тутам шинжилгээ өгсөн байх чиглэл өгч байв.
Уг чиглэлийн дагуу “Google” компани долдугаар сараас эхлэн бүх ажилтнаасаа вакцинд хамрагдахыг шаардаж байжээ. Тус компанид 100 хувь цахимаар ажилладаг, компани дээр ирэх шаардлагагүй хүмүүс цөөнгүй ч долоо хоногт дор хаяж гурван өдөр оффист ирж ажиллахыг шаардаж байгаа юм.