
Гал унтраах 63 дугаар ангийн гал унтраагч Э.Мөнхжаргал энэ сарын 3-нд өндөр хүчдэлийн тогонд цохиулж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Өөрийгөө талийгаачийн эхнэр гэх Ж.Одгэрэл нь БЗД-ийн Цагдаагийн хэлтсийн үүдэнд суулт зарлаад байгаа. Харин талийгаачийн ар гэрийнхэн түүнийг бараг танихгүй гэв.
Талийгаачийн төрсөн ах:
Одгэрэл гэж эмэгтэй бид нартай огт уулзаж байгаагүй. Арванхоёрдугаар сарын 3-ны өдөр дүүгээ өнгөрснийг мэдээд очиход энэ бүсгүйг харсан. Талийгаачийн цогцсыг таниулахад л тэр бүсгүйтэй уулзсан. Хуулийн байгууллагаас эмэгтэй хүн болон ээж, аавыг нь оруулахгүй байхыг хүссэн. Бид нар нэг тойроод л гарсан, гэтэл бүтэн биеийг нь харсан мэтээр цацаж байна.
“Хуйхалсан толгой шиг”, “тарваганы боодог” шиг гэж ярьснаас болж 60 хүрсэн ээж, аав хоёр маань гүн шоконд орсон.
Талийгаачийг өнгөрсөн өдрийн дараахаас эхлээд цахимаар элдэв мэдээлэл тарааж эхэлсэн. Тэр бүсгүйг талийгаачийг нас барсны дараа гэртээ аваачсан боловч түүнээс хойш цахимаар ч тэр биеэрээ ч тэр дайрч давшилж, доромжилж ирсэн тул цагдаад өгсөн.
Талийгаачийн төрсөн дүү:
Энэ бүсгүйг арванхоёрдугаар сарын 3-ны өдөр манай гэр бүлийнхэн мэддэг болсон, түүнээс өмнө мэддэг байгаагүй. Төрсөн дүү нь зодсон, одон медалийг нь шидсэн гэж худал ярьсан. Буяны ажилтай байхад ийм үйлдэл гаргахгүй.
Орж ирээд буянд нь өгсөн 900 мянган төгрөгөөө эргүүлж авсан, хажууд нь байсан одон медалийг нь булаагаад зугтсан. Эхлээд зул барих гэж байгаа юм болов уу гэж гарыг нь хартал хөрөг рүү нь дайрч, хажууд нь байсан одон медалийг нь булаагаад зугтсан.
Талийгаачийн нагац ах:
Арванхоёрдугаар сарын 3-ныг хүртэл тэр бүсгүйтэй уулзаж байгаагүй. Судлаад үзсэн ямар нэгэн сенсаци үүсгэж байдаг хүн байна лээ. Зулбасан, хуучин найз залуу нь зоддог байсан гэж ярьдаг байсан хүн байгаа. Хуулийн байгууллагаар шалгуулна. Манай гэр бүлийнхэн өмгөөлөгч аваад ослын шалтгааныг тодруулахаар хуулийн дагуу шалгуулж байгаа. Дүүгийнхээ араас буян хийх гэж 10 хоног чимээгүй тэвчлээ.
Мөн Ж.Одгэрэл нь хэдэн жилийн өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа зулбасан, дахин жирэмслэх боломжгүй гэж ярьж байсан боловч одоо жирэмсэн болсон гэдэгт нь ар гэрийнхэн нь эргэлзэж буй аж.
Онцгой байдлын байгууллагаас ар гэрийнхэнтэй нь тохиролцоё гэх байдлаар харьцаагүй бөгөөд хэргийн үнэнийг тогтоолгохоор ар гэрийнхэн нь хуулийн дагуу явж буйгаа ийнхүү мэдэгдлээ.