
Коронавирусийн халдварын нөхцөл байдлын улмаас Замын-Үүд-Эрээний хилийг дахин хаалаа гэх мэдээлэл гараад буй. Энэ талаар Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч О.Бямбагэрэл дараах тайлбарыг өгчээ.
Тэрбээр “Эрээний хил дахин хаасан, хаагаагүй гэх зөрүүтэй мэдээллийн тухайд,
– Эрээний хил нээлттэй хэвээр. Дахин хаах шийдвэр гараагүй. Асуудал үүссэн үү? үүссэн. Хилийн 0 цэг дээр автомашинууд орж ирсэн 2 өдрийн дараа БНХАУ-ын талаас манай талд дахин шинэ шаардлага тавьсан. Тэр орчимд Хятадын талаас халдварын эрсдлийн анализ хийнэ. Дахин автомашин нэмж оруулахгүй. Мөн тусгаарлах байрыг өөрсдөө бэлдэнэ гэх. Энэ ажлуудыг дууссаны дараа нэмж машин оруулна гэв. Манай талаас мэдээж энэ шаардлагын хариуд нь ажлаа түргэвчлэх, нэмж автомашинуудаа оруулах шаардлагыг байнга тавьж байгаа. Энэ тохиолдолд Хятадын талын шаардлагыг хурдлуулах ажлыг манайхаас хийж байна.
Эрээний хилийг нээх асуудалд манай талаас Гадаад харилцааны шугамаар маш идэвхитэй ажилласан.
Гэхдээ энэ бол нөгөө талаас гадаад харилцаа, стратеги, геополитикийн асуудал. Бид Эрээн дээр хэт их гуйж нугарвал Хятадууд эргээд биднийг том зүйл дээр барих, тулгах барьцтай болох талтай.
Тиймээс дахин хэлье, эрээний хил хаагаагүй. Түр автомашин нэвтрүүлэхгүй байх шинэ шаардлага гарч ирсэн. Бидэнд одоо хил дахин хаалгахгүй байх нь нэгдүгээрх асуудал тул тэдний шаардлагад хүлээцтэй байж, өөрсдөө ч тэднийг өөнтөг гаргахад нь унахгүй шахаж ажиллах чухал байна” гэжээ.