Л.Оюун-Эрдэнэ: Дубайн гэрээг цуцалж, 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх шийдвэр гарлаа

2021-12-13

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оюутолгойн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Рио тинто болон Туркойз хилл компанийн гүйцэтгэх удирдлагаас Ерөнхий сайд нэр дээр хандан таван санал бүхий албан бичиг илгээсэн.

Нэгдүгээрт, Оюу толгойн төслийн  34 хувьд ноогдох 2.3 тэрбум ам.долларын зээлийг 100 хувь тэглэж байна. Ингэснээр өмнө нь тооцоолж байсан 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй. Үндсэндээ 34 хувийг Монголын ард түмэн үнэгүй авч байна гэсэн агуулгатай.

Хоёрдугаарт, ДУББСТ болон “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө”-г захидал илгээсэн өдрөөр цуцалж дуусгавар болгож байна.

Гуравдугаарт, Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн зарцуулагдсан дүнд Засгийн газар хөндлөнгийн аудит оруулах хэрэв зөрүү үүсвэл хариуцаж төлөхөд бэлэн буйгаа илэрхийлсэн.

Дөрөвдүгээрт, Гүний уурхайг 2023 оны нэгдүгээр хагаст ашиглалтад оруулахаар тооцож буй. Энэ хүртэлх хөрөнгийг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцна.

Тавдугаарт, байгаль орчин, эрчим хүчний салбарт хамтарч ажиллахаа илэрхийлсэн. Мөн УИХ-ын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлсэн гэлээ. Гүний уурхайг ашиглалтад оруулах асуудал ажлын хэсгийн түвшинд шийдэгдвэл 2022 оны нэгдүгээр улиралд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд бэлэн байна гэсэн захидлыг илгээсэн.

2022 оны нэгдүгээр улиралд багтаан гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээ бэлэн гэдгээ мөн мэдэгдсэн.

Сүүлийн 12 жил яригдсан асуудал дээр хөрөнгө оруулагч тал буулт хийж, тодорхой үр дүнд хүрлээ” гэлээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Дубайн гэрээг цуцаллаа. Цуцлахдаа дагаж ирсэн зээлийг чинь авах шаардлага байсан уу, авсан уу гэдгийг хөндлөнгийн аудит оруулж шалгана. Далд уурхай ашиглалтад ортол нэмэлт санхүүжилтийг  асуудлыг хөрөнгө оруулагч өөрөө шийдье гэсэн” гэлээ.

Холбоотой мэдээ