Сурагчдын амралтаар багш нарыг нь ч адил амраах шийдвэрийг Орхон аймгийн удирдлагууд гаргажээ

Орхон аймгийн хэмжээнд ЕБС-ийн багш нарыг сурагчдын адил амраахаар тус аймгийн удирдлагууд шийдвэрлэжээ.

Засаг даргын Тамгын газрын дарга Д.Соёлчхүү дараах үүрэг даалгаврыг сургуулийн захирлууд болон аймгийн БСУГ, ЭМГ, аймгийн Онцгой комиссын удирдлагуудад үүрэг болгов.

Нэгдүгээрт, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт арванхоёрдугаар сарын 18-наас албан ёсоор эхэлнэ. Энэ үеэр ЕБС-ийн багш нар ч амарна шүү. Онцын шаардлагагүй үед багш нарыг сургууль дээр дуудахгүй байх хэрэгтэй. Өмнө нь ямар ч тодорхой зорилгогүйгээр багш нарын цагийг бүртгээд сургууль дээр байлгаж байсан тохиолдол гарч байлаа. Одоо ингэхгүй шүү. Ялангуяа, сургуулийн захирлууд энэ асуудалд анхаарч ажиллах хэрэгтэй.

Хоёрдугаарт, аймгийн БСУГ, ЭМГ, аймгийн Онцгой комиссынхан чиглэл чиглэлээрээ ажиллах шаардлагатай байна. Сурагчдын амралтаар аж ахуйн нэгж байгууллага, үйлчилгээний газрууд ариутгал, халдваргүйтгэлийн чиглэлээр хэрхэн, яаж ажиллах юм бэ. Өнөөдөр тоглоомын газрууд, кино театр, спорт заал ажиллаж байгаа. Үүнд ямар зохицуулалт хийх талаар энэ долоо хоногт тодорхой болгоод иргэдэд мэдээлэл хүргэ.

Гуравдугаар, сурагчдын амралтаар секц, дугуйлан хичээллэнэ. Дээр нь цанын бааз ажиллана. Ямар дэглэм, журмаар хүүхдүүдэд, иргэдэд үйлчлэх вэ гэдгийг тодорхой болго. Аймгийн Засаг даргаас, бидний зүгээс бүх зүйлийг хааж боохыг зорилгоо болгохгүй байна. Эдийн засгаа дэмжинэ, иргэн, аж ахуйн нэгжүүд дээрх байгууллагаас гаргасан дүрэм, журмыг мөрдөх хэрэгтэй. Үүнтэй холбоотой асуудлыг нэг мөр болгон иргэдэд танилцуулах ажлыг энэ 7 хоногт багтаан хийхийг дээрх байгууллагын удирдлагуудад үүрэг болгож байна гэсэн юм.

Ковид, цар тахлын нөхцөл байдалтай үед өнгөрсөн жил Дархан-Уул аймагт сургуульд ажилладаг ээжийг нь ажлаас нь дуудсаны улмаас 3 хүүхэд гартаа галд өртөн амь насаа алдсан харамсалтай тохиолдол гарч билээ. Монгол даяараа, нийгмээрээ дээрх үйлдлийг үзэж ядаж, зэвүүцэж байсан. ЕБС-ийн захирлууд өөрсдөө хийх ажилгүйдээ түүртдэг үү яадаг юм бол ямар ч шалтгаангүйгээр сургуулийн багш нарыг ажлаас нь дууддаг, эсвэл гэнэт хурал цуглаан зарладаг тохиолдол манай аймагт түгээмэл байдаг.

Нөгөөтэйгүүр, ЕБС-ийн багш нар 2021-2022 оны хичээлийн жилийн нэгдүгээр улиралд ажлын хэт өндөр ачаалалтай ажиллаж ирсэн. Танхим-цахим хосолсон хэлбэрээр хичээллэж байсан сургуулийн багш нар хамгийн их ачаалалтай ажилласан учраас салбарын яамнаас нь багш нарыг сурагчдын амралтаар амраахаар болсон юм.

Эх сурвалж: Erdenetnews


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn