Н.Энхбаяр: МАН, МАХН-ын эв нэгдэл үлгэрлэл болсон, одоо нам маань бүтэн болсон

2021-12-07

МАН-ын Их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хурлын үеэр МАН-ын ахмад гишүүн Н.Энхбаяр үг хэлсэн юм.

Тэрбээр “Бид “Ковид 19”-тэй тэмцэж буй хүнд хэцүү үед хурлаа хийж байна. Цар тахлын аюултай нүүр тулан тэмцэж, ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө ажиллаж буй эмч, цагдаа, онцгойгийнхон, цагдаа нартаа хурлын индрээс гүн талархал илэрхийлж байна. Цар тахлын үед амьдралаа залгуулж, амьдралынхаа төлөө тэмцэж байгаа ард түмэндээ гүн талархъя. Монголын ард түмэн агуу.

Нүүдэлчдийн нэг онцлог нь аливаа тулгамдсан асуудлыг, аливаа хүнд асуудлыг боломж бололцоо болгон хувиргаж чаддаг онцгой ард түмэн. Тийм учраас агуу ард түмэн агуу түүхийг бүтээдэг. Агуу түүх өөрөө бүтэн бүрэн байж агуу түүх болдог. Их хурал МАН, МАХН үүсгэн байгуулагдсаны зуун жилийн ойд болж байна. Зуун жил гэдэг агуу түүх мөн агуу цаг хугацаа. Энэ түүхийн өмнө хэн ч бардамнах эрхгүй. Энэ түүхийг бүтээлцсэн ахмадууд мөн бүх үеийнхэнд гүн хүндэтгэлээ илэрхийлэх ёстой. Агуу 100 жилдээ мэхийн ёсолцгооё. Агуу түүхийг бүтээхэд эв нэгдэл хэрэгтэй. 100 жилийн босгон дээр нэг түүх, үзэл баримтлалтай хоёр нам нэгдсэн нь түүхэнд чухал үйл ажиллагаа болсон.

Одоо нам бүтэн болсон. Бүтэн болсон учраас бүтэн түүхээ улам цаашаа идэвхтэй үргэлжлүүлэх бололцоо нээгдсэн гэж үзэж байна. Хоёр намын нэгдэл бол эв нэгдлийн үлгэрлэл болсон. Монголдоо бид эв нэгдэлтэй байж чадна гэдгээ харуулсан тойм үйл явдал болсон. Гэхдээ агуу түүх алдаа оноо аль алийг нь багтаадаг. Бидний оноо бол тусгаар тогтнолоо олж чадсан. Харин алдаа нь хэлмэгдүүлэлтийг зогсоож чадаагүй. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сэтгэлийн тэнхээ гаргаж, ололтоо онцлон тэмдэглэхийн хажуугаар алдааныхаа төлөө өөрөө биш ч гэсэн түүхэн цаг хугацааг зогсоож чадаагүйн төлөө уучлал гуйсан нь ёс суртахууны том алхам гэж үзэж байна. МАН, МАХН бусдыг уучилж ирсэн нам.

Хойшуулж болохгүй асуудлуудаа бид өнөөдөр энд ярьцгааж байна. Энэ зааланд ярьсан болгоноо хойшлуулж болохгүй нөхөд өө. Шийдсэн болгоноо маргаашнаас эхлэн шууд хариуцан хийнэ шүү гэдгээ бие биедээ дахин дахин сануулъя. МАН, МАХН хэзээ ч хариуцлагаас зугтаж байгаагүй. Өөсрдийнхөө хийх ёстойгоо хийж ирсэн учраас МАН-ын түүхийн амин холбоо үргэлжилсэн хэвээр байна” гэлээ.

Холбоотой мэдээ