
МАН-ын 30 дахь удаагийн Их хурал үргэлжилж байна. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан эрх баригч намын зүгээс авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхээр дүрэмдээ өөрчлөлт оруулах талаараа мэдэгдлээ.
Тэрбээр “Нэгдүгээрт, намаас сонгогдож томилогдсон бүх түвшний албан тушаалтны хариуцлага ёс зүйг дээшлүүлэх, ёс зүй, хариуцлага алдсан албан тушаалтнуудтай улс төрийн хариуцлага тооцдог байх зарчмыг оруулж өгч байна.
Хоёрдугаарт, намын дүрэмдээ бодит өөрчлөлт оруулна. Зөвхөн Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргын илтгэлд авлигатай тэмцэнэ гэж дурьдагдаж өнгөрөхгүй. Бид намынхаа дүрэм, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдэд улс төрийн хариуцлага тооцдог механизмыг бодитоор хийж өгнө. Маргааш их хурал дээр намын дүрмийн өөрчлөлт орж ирнэ.
МАН гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд улс төрийн дэмжлэг авдаг байдлыг таслан зогсоох заалтууд оруулж өгч байна. Тэр дундаа авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд шат шатны сонгуульд нэр дэвшихгүй. Аливаа шатны намын улс төрийн албан тушаалд нэр дэвшиж, хашихгүй гэдэг хариуцлагын заалтууд оруулж ирж өгч байна. Гэмт хэрэгт холбогдоод, сэжигтнээр татагдсан тохиолдолд албан тушаалаас автоматаар түдгэлздэг. Хэрвээ шүүхээр таслагдаад, гэмт хэрэгтэн болсон тохиолдолд автоматаар намын гишүүнээс хасагддаг. Хэрвээ шүүхээр яваад цагаадаад ирвэл эргээд намын гишүүнчлэлийг сэргээдэг заалт оруулж байна.
Бид дэвшилтэт нам болох зорилго тавьж байна. Энэ нь нэгдүгээрт, дотоод ардчилалтай, тэнд ажиллаж байгаа улс төрийн албан тушаалтанд нам дотроо хяналт тавьж чаддаг. Албан тушаалаа урвуулан ашиглахгүй байх нөхцлийг бүрдүүлж чаддаг, дээрээс нь хариуцлага, ёс зүйг хүлээлгэж чаддаг дэвшилтэт нам болохыг бид зорьж байна” гэлээ.