• ​У.Хүрэлсүх: 2021 онд сайн чанарын вакциныг авчирч, ард түмнээ хамгаална

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ард түмэндээ шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэв. 

    Эх орныхоо өргөн уудам нутагт амьдран суугаа эрхэм хүндэт ард иргэд ээ,

    Өргөн дэлхийн өнцөг булан бүрд оршин суугаа элэг нэгт Монгол ахан дүүсээ,

    Та бүхэндээ айлчлан ирж буй шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлж, айл өрх бүрд аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

    Улиран одож буй 2020 он Монголчууд бидний хувьд төдийгүй, дэлхий даяар ковид-19 хэмээх цар тахал өвчинтэй нүүр тулан тэмцсэн хүндхэн жил байлаа.

    Хэдийгээр байдал хүнд байгаа ч Монголчууд бид эв хамтын хүчээр улс үндэстнийхээ аюулгүй байдал, ард иргэдийнхээ амь насыг сахин хамгаалж, аль болох хохирол багатайгаар энэхүү хүнд үеийг даван туулахын төлөө бүхий л хүч чадлаа дайчлан ажиллаж байна.

    Монгол Улсын Засгийн газар айл өрх, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор хэрэглээний цахилгаан, дулаан, уур, ус, хог хаягдлын зардлыг тодорхой хугацаанд төрөөс хариуцаж, нийт 230 гаруй мянган айл өрхийн хэрэглэдэг сайжруулсан шахмал түлшний үнийг 75 хувиар буурууллаа.

    Мөн нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг тэглэх, хөнгөлөх, зарим өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөх, хүүхдийн болон халамжийн мөнгийг нэмэгдүүлэх зэрэг олон талт арга хэмжээнүүдийг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байна.

    Анх бид Ухань хотоос 31 иргэнээ татан авч байсан тэр цагаас хойш гадаад улс оронд гацаад байсан 28 мянга гаруй иргэнээ эх орондоо тусгай үүргийн нислэгээр татан авлаа.

    Алтан гартай эмч сувилагчдынхаа ач буянаар цар тахлын халдвар авсан 584 хүнийг эмчлэн эдгээж чадлаа.

    Ирэх онд хийгдэх онцгой чухал ажил бол Монгол Улсын Засгийн газар ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн сайн чанарын вакциныг эх орондоо авч ирж, ард иргэдээ цар тахлаас хамгаалах ажлыг цаг алдалгүй зохион байгуулах явдал юм.

    Энэ ажил Монгол Улсын Засгийн газрын онцгой анхаарлын төвд байх болно.

    Өргүй бол баян, өвчингүй бол жаргал гэж манай ард түмэн ярьдаг билээ.

    Эрхэм хүндэт ард иргэд ээ,

    Улиран одож буй 2020 онд төрийн тулгуур, улсын үндэс болсон айл өрхүүд маань 76 мянга гаруй бяцхан үрсээ өлгийдөн авч, Монголчууд бид 3 сая 358 мянгуулаа боллоо.

    Малчин түмний маань нөр их хөдөлмөрийн үр дүнд буянт мал сүргийн тоо толгой 71 саяд хүрлээ.

    Олон улс дахь манай улсын нэр хүнд сэргэж, Монгол Улс саарал жагсаалтаас хамгийн богино хугацаанд гарсан улс болж чадлаа.

    Хүндхэн цаг үеийг туулахад манай ард түмний эв нэгдэл, сэтгэлийн хүч, төр засагтаа үзүүлж буй олон түмний дэмжлэг, бизнес эрхлэгч, хувийн хэвшилийхэний маань хичээл зүтгэл, эх орноо гэсэн сэтгэл онцгой чухал байсныг баярын энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.

    Амаргүй бэрх цаг үе тохиолдож байгаа хэдий ч улс орны маань хөгжил дэвшилд амин чухал ач холбогдолтой олон жил яригдсан томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг бид тасралтгүй үргэлжлүүлж байна.

    Үүний зэрэгцээ хууль бусаар бусдад алдагдсан Эрдэнэт үйлдвэр, МонголРосЦеветмет, Багануур, Бор-Өндөр, Ноён уул, Асгат, Салхит, Гутайн даваа, Тос Тосон бумбын орд, Хармагтайн орд зэрэг газруудыг төрийн мэдэл, ард түмний өмчлөлд эргүүлэн авлаа.

    Монгол Улс түүхэндээ анх удаа Таван Толгой төрийн өмчит компанийн ногдол ашгийг ард иргэддээ хуваариллаа.

    Байгалийн баялагтаа эзэн байхын үр шимийг ард түмэн маань хүртэж эхэллээ.

    Манай улсын ард иргэд ээ,

    Он солигдох энэхүү торгон цаг мөчид дархан хилээ манаж байгаа эр зоригт хилчид, энхийг сахиулах үйлсэд улсаа төлөөлөн зүтгэж буй эрэлхэг дайчид, хүн ардынхаа амь нас, улс орныхоо аюулгүй байдлын төлөө цар тахалтай тэмцэж буй эмч сувилагч, эмнэлгийн ажилтнууд, цэрэг, цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдлынхан, утаагүй Улаанбаатарын төлөө өдөр шөнөгүй зүтгэж байгаа Тавантолгой Түлшийн хамт олондоо Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд тусгайлан баяр хүргэж, гүн талархал илэрхийлье.

    Ирж буй 2021 онд Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ой тохионо. Монголын ард түмний тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн 100 жилийн ойн баяр болно.

    Бид хамтдаа нөр их бүтээн байгуулалт, ажил үйлсийг өрнүүлж, хөгжил дэвшлийн шинэ эрин зууны эхлэлийг тавих болно.

    Шинэ ондоо иргэн бүр эрүүл энх, аз жаргал, инээд хөөрөөр дүүрэн байхын ерөөл өргөж, эх орон нэгт ахан дүүс та бүхэндээ Шинэ жилийн баярын мэндийг дахин дэвшүүлье.

    Буурал дээдсийн цог хийморь түшиж, Бурхан Халдун уулын ноён оргил Монголчууд биднийг мөнхөд ивээх болтугай.

    Монгол Улсын төлөө зүтгэе.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ