Л.Оюун-Эрдэнэ: Төрийн албан хаагчдын орлогоосоо давсан тансаг хэрэглээнд хяналт тавина

Монгол Ардын намын 30 дахь Их хурал өнөөдөр болж байна.  МАН 30 дахь Их хурлаараа намын даргыг сонгох, намын дүрэмд өөрчлөлт оруулах, Бага хурлын гишүүдийн томилох зэрэг нийт есөн асуудлыг хэлэлцэх ажээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатар хотын түгжрэл хотын төрийн байгууллагуудын тогтворгүй байдал, улс төрийн хийрхэл, авилгалд идэгдсэн албан тушаалтнуудын хариуцлагагүй байдлын хор уршиг юм.

Хотын төвлөрлийг багасгана гэдэг нь хөдөөг хөгжүүлнэ гэсэн үг. Эдийн засгийн хөшүүрэг, тогтолцооны томоохон шийдэл байж хөдөө рүү нүүнэ. Нийслэл Улаанбаатар хоттой дүйцэх хэмжээний шинэ хотыг эртний нийслэл Хархорин хотыг түшиглэн байгуулах судалгааг 2022 ондоо багтаан эхлүүлцгээе. Аймгийн төвүүдийг бие даасан хот болгон хөгжүүлэх, төсвөө бие даан бүрдүүлэх санхүүгийн эрх чөлөө, эрх мэдлийг олгож, удирдлагуудын эрх мэдлийг өндөрсгөж, хариуцлагыг нэхнэ.

Харамсалтай нь хөгжлийг хязгаарлагч хамгийн том хүчин зүйл нь төр өөрөө болсон. Төр, иргэн, ААН-ийн боломжийг хязгаарлагч биш дэмжигч, урамшуулагч байх учиртай. Бидэнд мөнгө хэрэггүйгээр төрийн үр бүтээмжийг сайжруулах олон боломж байна. Ийм л байх ёстой гэж дассан хэвшсэн сэтгэлгээ цөөнгүй байна. Өвлийн улиралд худалдан авалт, тендерээ зохион байгуулж, хавар, зун, намрыг бүтээн байгуулалтдаа бүрэн зориулдаг болно. 2024 он гэхэд төрийн байгууллагаас шаардагддаг тусгай зөвшөөрлийн тоог 50 хувиар бууруулна. Төлөвлөгөөт шалгалтыг эрс багасгана.

Монгол Улс авлигын индексээр дэлхийд 111-т эрэмбэлэгдэж байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт юм. Авлига, албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангатгана. Төрийн албан хаагчдын орлогоосоо давсан тансаг хэрэглээнд хяналт тавина. Хөрөнгө орлогын мэдүүлгийг татвар төлөлттэй уялдуулна” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn