Үүрэн холбооны тав дахь операторыг хууль бусаар гаргаж ирсний хариуцлагыг хэн хүлээх вэ?

2021-12-06

Гуравхан  сая хүн амтай улсад одоо байгаа үүрэн холбооны дөрвөн  оператор компани бараг олондоо ордог гэлцдэг. Гэтэл дахиад шинэ оператор компани гэнэтхэн л гараад ирсэн нь “Ай Эн Мобайл нэтворк” ХХК-ийн “Ондо” нэртэй ярианы оператор.

ХУУЛЬ БУС СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ-ын нууц задарч эхэллээ…

Монгол улсын холбогдох хууль тогтоомжид үүрэн холбооны үйлчилгээ эрхлэх эрхийг олгохдоо Харилцаа холбооны зохицуулах хорооноос   сонгон шалгаруулалт зарлаж олгох хуультай.  Сонгон шалгаруулалтын  үр дүнг олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлэхийг ч зааж өгчээ.

Харилцаа холбооны зохицуулах хорооны  цахим хуудсан  дахь мэдээллээс үзвэл, 2021 оны  9 дүгээр сарын 10-нд буюу  ‘’Digital Nation’’ арга хэмжээ болохоос ердөө долоо  хоногийн  өмнө “Ай Эн Мобайл нэтворк” ХХК-д ярианы үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 10 жилийн хугацаатай олгожээ. Зохицуулах хорооны  ээлжит бус хуралдаан зарлаад л  шууд зөвшөөрөл гарчихаж.   Тэр ч байтугай уг компанид  үүрэн холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг “ярианы үйлчилгээ” гэсэн нэршлээр олгосон ч олон нийтэд “үүрэн холбооны үйлчилгээ” гэж зарласан явдал байлаа.

Ингэж Харилцаа, холбооны зохицуулах хороо  хуулиар олгогдсон эрх, хэмжээгээ хэтрүүлсэн, бусдад хууль бусаар давуу байдал олгосон, холбогдох баримт бичгийг үйлдэхдээ бусдыг төөрөгдүүлэх арга хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Юутай ч эрх ашиг нь зөрчигдөж буй зарим үйлчилгээ эрхлэгчид аргаа барж, Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны энэхүү хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох үүднээс төрийн зохих хяналт шалгалтын байгууллага болон шүүхэд хандаад байгаа тухай мэдээлэл байна.

‘’ОНДО’’ ОНДОО АРГА АШИГЛАХ НЬ ЗОХИСТОЙ ЮУ?

Дээрх хууль бус үйлдлийг хөндлөнгөөс харж байсан үүрэн холбооны оператор компаниуд  Харилцаа холбооны зохицуулах хороонд хандан  тав дахь оператор компанийг зохих журмын дагуу сонгон шалгаруулахыг хүсч, тусгай зөвшөөрлийг зохих ёсоор  олгохыг шаарджээ.

Харилцаа, холбооны зохицуулах хороо болон “Ай Эн Мобайл нэтворк” ХХК нь ‘’Digital Nation” арга хэмжээг далимдуулан  үүрэн холбооны тав  дахь операторыг “Ондо” нэрээр  зарлахаа урьдчилан тохирсон байсан уу? Яагаад Харилцаа холбооны зохицуулах хороо нь нөгөө дуулиан шуугиантай ‘’Digital Nation” арга хэмжээ эхлэхээс ердөө 7 хоногийн өмнө буюу 2021 оны 9-р сарын 10-нд  “Ай Эн Мобайл нэтворк” ХХК-д Ярианы үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, түүнийгээ Үүрэн холбоо гэж зарлав?  Түүгээр үл барам улсын нөөцөд хадгалагдаж буй 66-тай дугаарыг яагаад энэхүү сурталчилгааны нэг хэсэг болгон ашиглав? Энэ бүгд бас урьдчилан тохирсон зүйлс байсан уу?

ОНДОO аргыг хэн ашиглаад байна вэ? Харилцаа холбооны зохицуулах хороо юу? ‘’ОНДО’’ юу? Энэ хууль бус үйлдэлд ХЭН, ХЭЗЭЭ цэг тавих вэ?

Харилцаа холбооны салбар нь Монгол улсын хөгжилд чухал нөлөө үзүүлэх салбар. Гэхдээ энэ салбарт цэвэр өрсөлдөөн, хууль дүрэм дагах сахилга бат, ёс зүй, зөв зохицуулалт байж энэ салбар цаашид  хөгжинө. Өмнө нь ч ийм л байсан.

За яахав,  Харилцаа холбооны зохицуулах хороо хууль, дүрмээ зөрчдөг юмаа гэхэд  бодлого хариуцсан байгууллага болох Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар нь яагаад мэдсэн ч мэдээгүй мэт нүдэн балай чихэн дүлий сууна вэ?

Холбоотой мэдээ