“Эрдэнэс Монгол”-ын дэд захирлаар Ц.Цолмон, Л.Хосбаяр, Л.Энхболд нарыг томиллоо

“Эрдэнэс Монгол” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр хуралдан, гурван дэд захирлыг томилжээ.

Засгийн газраас дээрх албан тушаалд Ц.Цолмон, Л.Хосбаяр, Л.Энхболд нарын гурван хүнийг томилохоор хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулах журмын дагуу Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. АТГ-аас хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг нь хянасан талаар хариу өгснөөр уг томилгоог хийжээ.АТГ-аас Л.Энхболдын тухайд хоёр утгатай хариу өгсөн гэнэ. Түүний ХАСУМ-ийг хянаад “Л.Энхболдыг уг албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй. Гэхдээ эрүүгийн хэрэгт холбогдон шалгуулж байгаа” гэсэн агуулга бүхий албан бичгийг “Эрдэнэс Монгол”-д илгээжээ.

Л.Энхболд нь УИХ-ын гишүүн байхдаа албан тушаалаа ашиглан ЖДҮХС-гаас зээл авсан гэх хэрэгт яллагдагчаар татагдан өнөөдрийг хүртэл АТГ-т шалгагдаж байгаа.

Харин Ц.Цолмон нь МАНАН-гийнх гэгддэг ба М.Энхболдыг УИХ-ын дарга байхад УИХ-ын Тамгын газрын даргаар ажиллаж байсан нэгэн билээ.

“Эрдэнэс Монгол”-ын гурван дэд захирал ийнхүү томилогдлоо. Тэргүүн дэд захирлын албан тушаалд Харвардын их сургуульд бакалаврын зэрэг хамгаалсан анхны монгол төгсөгч Ж.Тана томилогдох нь тодорхой болсон гэнэ. Түүнийг шинэ он гарсны дараа томилох юм байх.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ