Оросын бүх дээд албан тушаалтнуудад хориотой ч Путин Бээжинд болох Олимпийн нээлтэд оролцохоор шийджээ

2008 онд Путин засгийн газрын тэргүүний хувьд зуны Олимпийн наадмын үеэр Бээжинд айлчилсан бол энэ удаа дахин олимпоор очих нь.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2022 онд Бээжинд болох Олимпийн наадмын нээлтэд оролцохоор төлөвлөж байна. Тэрээр энэ тухай РБК сувгаар дамжуулсан “Орос дуудаж байна!” ВТБ Капитал форум дээр үг хэлэхдээ мэдэгджээ.

2022 оны өвлийн олимп Бээжин хотноо хоёрдугаар сарын 4-20-ны хооронд болно.

В.Путин холбогдох асуултад “Би [Олимпийн] нээлтэд очихоор төлөвлөж байна” гэж хариулав.

9-р сард ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров 2022 оны наадамд оролцох Ши Жиньпин даргын урилгыг Путин хүлээн авсан гэж мэдэгдсэн.

WADA-гийн хориг арга хэмжээний улмаас Оросын тамирчид тус наадамд ОХУ-ын далбаан дор биш Олимпийн хорооны далбаан дор оролцох бөгөөд шагнал гардуулах ёслолд төрийн дууллын оронд П.И.Чайковскийн төгөлдөр хуурын анхны концертын фрагментийг ашиглах юм.

Мөн 2022 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдрийг хүртэл Оросын бүх дээд албан тушаалтнуудыг Олимп, Паралимпийн наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохыг хориглоод байгаа. Энэ нь ерөнхийлөгч, засгийн газрын бүх гишүүд, түүний дотор дэд сайдууд, Төрийн Думын депутатууд болон Холбооны Зөвлөлийн гишүүд, төрийн байгууллагуудын тэргүүнүүд, тэдгээрийн орлогч нар, ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны ажилтнууд, ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтнуудад хамаарах юм.

Гэсэн хэдий ч, хориг нь үл хамаарах зүйлийг заасан. Тэмцээн болох улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын биечлэн урьсан урилга, ОУОХ, Олон улсын паралимпийн хорооны гишүүн бол тухайн хүн тэмцээнд оролцох боломжтой.

2014 онд Путин өөрийн биеэр Сочид болсон олимпийн наадмын нээлтэд оролцож, паралимпийн хаалтын ажиллагаанд оролцсон. Мөн 2008 оны 8-р сард тэрээр засгийн газрын тэргүүний хувьд зуны олимпийн наадам болсон Бээжинд айлчилсан.

Путин хамгийн сүүлд 2012 онд өөр улсад болсон олимпод оролцож байжээ. Тэрээр Лондонд зочилж, жүдо бөхийн финалын тэмцээнд очиж, Дэвид Камеронтой (тухайн үед Их Британийн Ерөнхий сайд байсан) уулзсан.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn