
БНСУ-д дунд сургуульд сурдаг 13 настай монгол охиныг дээд ангийн дөрвөн эмэгтэй сурагч нийлж хүчээр архи уулган, зургаан цагийн турш зодсон ноцтой хэрэг гарсан талаар тус улсын MBC телевиз мэдээлсэн. Охиныг зодож, тамласан 4 охины хоёрынх нь хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн бөгөөд хоёр нь насанд хүрээгүй тул хуулийн хариуцлагагүй хүлээлгэхгүй болоод буй.
Хохирогч охины ээж “Бид охиноо алга болсон гэх дуудлагыг цагдаад өгснөөс хойш хоёр хоногийн дараа шөнө “Охиныг чинь олсон. Ингээд зодсон байна. Ийм хэрэг болсон байна” гэсэн мессеж ирсэн.
Гол нь охиноо алга болсон хоёр хоногийн хугацаанд тэдгээр хүүхдүүдийн гэрт очиход “Юу гэж охин чинь энд байдаг юм” гээд байсан. Гэтэл байсан байна лээ. Охиноо олоод амны хаалтыг нь авахад хацар нь хавдчихсан, танихын аргагүй болсон байсан. Гэртээ ирээд биеийг нь харахад аймшигтай тамласан байсан. Тамхи татаж байсан ишээ идүүлж, архи албаар уулгаж, зодсон. Охин минь шоконд орчихсон учраас юу ч хэлээгүй. Ямар нэгэн зүйл хэлбэл ална гэж тэр охидууд сүрдүүлсэн байсан.
Цагдаа нар авч хэлэлцэхгүй байсан. Танай охин мэдээлэл өгөхгүй бол хэрэг үүсэхгүй гэх мэтчилэн харилцсан. Би охиноо юу болсон талаар ярихыг ятгаж, хамгаалалтад авна гэж гуйж байж хэлүүлсэн.
Бичлэг нийтэд тавигдснаас хойш сургуулийнх нь бүх хүүхдүүд миний охиныг ялгаварлах болж, охин минь сэтгэл санааны гүн хямралд орсон. Одоо ч тэд миний охиныг сүрдүүлсэн хэвээр л байна. Маш их гомдолтой байна.
Солонгосын цагдаа нар миний охины хэргийг зүгээр хаягдана гэсэн. Бичлэгийг нь хүртэл үзүүлэхэд “байдаг л зүйл ш дээ” гэсэн.