• Бидний тэмдэглэж эхэлсэн Тусгаар тогтнолын өдөр бүх Монголын баяр байлаа

    Өнөөдөр Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан түүхт баярын 109 жилийн ойн өдөр.

    Энэ өдөр буюу 1911 оны 12 сарын 29-нд одоогийн Улаанбаатар хот буюу Их Хүрээнд VIII Богд Жибзундамба хутагтыг тулгар улсын хаанд өргөмжилж, Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсаа тунхагласан. Засгийн газраа шинээр 5 яамтайгаар байгуулсан юм.

    Таван яамны тэргүүн зэрэгт Дотоод хэргийг Бүгд захиран шийтгэх яамны сайдаар Да лам Цэрэнчимэд, Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны сайдаар Чин ван Ханддорж, Сангийн  хамаг хэргийг бүгд захирах яамны сайдаар Түшээт ван Чагдаржав, Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны сайдаар Далай ван Гомбосүрэн, Шүүх яамны сайдаар Эрдэнэ ван Намсрай ван нарыг тохоон томилжээ. 1912 оны 8 дугаар сард Бүгд Ерөнхийлөн Захирах яамыг байгуулж сайдаар Сайн ноён хан Намнансүрэнг томилсон.

    Энэ үеэс Монголын тусгаар тогтнолыг бататгах, олон улсаар хүлээн зөвшөөрүүлэх, гадаад улсуудтай элчин харилцаа тогтоох үндсэн зорилтыг хэрэгжүүлж эхэлсэн.

    Монгол үндэстнийхээ хувьд сэргэн мандсан энэ үедээ онцлох чухал арга хэмжээнүүд олныг авсан. Нэгдүгээрт, Манж гүрнээс тусгаарлаж шинэ улсаа байгуулахдаа Хятадаас түрүүлсэн нь түүхэн ач холбогдлоор тун өндөр.

    Өвөр Монголын 49 хошуунаас 35 нь, Алшаа, Хөхнуур, Ховд ба Урианхайн хязгаар, Шинжааны монголчууд, Барга даяар үндэсний нэгдлийн төлөө санаа шулуудаж Богд хаант Монгол улсдаа дагаар орж нэгдэхийг зорьсон.

    Монголын тусгаар тогтнолын энэ их үйл хэрэг нь хөрш орнуудын хэт нөлөө, ашиг сонирхол, хуйвалдаанаас шалтгаалан 1915 оны Хиагтын гэрээгээр Монгол Улс автономит эрхтэй болж улмаар тусгаар тогтнолоо алдсан ч 1921 оны хувьсгалын төдийгүй бүхий л тусгаар тогтнолын үйл хэргийн үүтгэл байсан юм.

    Монгол Улсын төрөөс улс орны хэмжээний үндэсний баяр болгон тэмдэглэх шийдвэр 2006 оноос эхлэн гарч 2011 оноос нийтээр тэмдэглэх баяр амралтын өдөр болгоод буй юм.

    Ердөө 25 жилийн өмнө бид энэхүү түүхт өдрийг өнөөгийнх шиг улс даяар баярлан ёслон тэмдэглэдэггүй байлаа. Тусгаар тогтнолын энэ өдрийг 1941 он хүртэл жил бүр дурсан тэмдэглэдэг байжээ.

    Хорьдугаар зуун Монгол улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын зуун. Тэгвэл 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, түүний үр дүнд Тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан нь дараа, дараагийн тэмцлийн эхлэл байснаараа бахархалтай.

    1911 оны шууд үргэлжлэл нь 1921 оны Ардын хувьсгал, 1924 онд Хэмжээт эрхэт ёсыг халж, Бүгд найрамдах улсаа тунхаглан, Үндсэн хуулиа баталсан, 1945 оны 10 дугаар сарын Тусгаар тогтнолын төлөөх бүх нийтийн санал асуулга, 1961 онд НҮБ-ын гишүүнээр элссэн, 1990 оны Ардчилал мөн билээ. Ийнхүү Монголчууд бүтэн 100 жилийг Тусгаар тогтнол, эрх чөлөөнийхөө төлөө зориулсан юм.

    “Ардын засаг ч гэж юу байлаа, Авдаг өгдөг нь ч хэд байлаа” гэдэг шиг Монгол улс Тусгаар тогтнолоо сэргээсэнийг ч мэдэхгүй, нийтээрээ 1924 оны Үндсэн хууль баталж, БНУ тунхагласныг тусгаар тогтнолын баяр гэж андуурч явах үед бидний хэдэн нөхөд нэгэн арга хэмжээ зохион байгуулж билээ.

    Залуу түүхчид МУИС-ийн оюутан байсан Ю.Болдбаатар, Б.Батсүрэн, С.Өлзийбаяр, О.Ганхуяг миний бие, Ж.Жигжиддорж, Ц.Мөнхбаяр, О.Мөнхжаргал, МУИС төгссөн залуу түүхчид Д.Мөнх-Очир, Ч.Болдбаатар, Н.Сүхбаатар, хуульч О.Машбат, багш Д.Дэлгэржаргал, УБИС-ийн Б.Энхболд нарын нөхдүүд Богд хааны ногоон ордонд 1997 оны 12 дугаар сарын 29-нд түүхч эрдэмтэн, судлаачдаа мөн хэвлэлийнхнийг урьж, Тусгаар тогтнолын өдрийн баярыг тэмдэглэхээр болов. Гэвч тун цөөхөн, ганц хоёр хүн ирсэн санагдана.

    Түүнээс хойш 24 жил өнгөрч эргээд харахад Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баяр маань нийт Монголчуудын баяр болж, бүх нийтээрээ амардаг болсон төдийгүй 12 дугаар сарын 29-ний энэ өдөр төр засгийн удирдагчид тамганы хөшөөнд хүндэтгэл үзүүлж, шилдэг бөхчүүд барилдаж, Ерөнхийлөгч нэрэмжит цомоо хүртээдэг болж.

    Бидний анх 97 онд цуглаж байсан Богд хааны Ногоон ордонд эдүгээ судлаачид хөл тавих зайгүй цуглан үзэсгэлэн үзэж, эрдэм шинжилгээний хурал хийх уламжлал тогтож. Төр, засгийн төлөөлөгчид тэр байтугай улстөрийн намуудын удирдлага, Гандан хийдийн лам хуврагууд ч олноороо зорин ирэх болсон байна.

    Тусгаар тогтнолоо сэргээсэн түүхт өдрийн мэндийг Монгол түмэндээ, гэр бүл, найз нөхөддөө хүргэсү.

    О.Ганхуяг

    2020 оны 12 дугаар сарын 29

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Тэгж бас үлээгээд яахв!  Тэмдэглэсэн нь сайшаалтай, гхдээ түүхч ноёд бас түүхээ уншмаар бна шүү!? Энэ түүхт үйл явдлын  80 жилийн ойг  тэмдэглэх тухай 1990 оны 2-р сарын 18,19 нд хуралдсан МоАХ- ны Анхдугаар хурлын уриалга бдаг юм  , улмаар 1991 оны 12.29 нд  тухайн үедээ  нэлээд шинэлэг тохижилт засвар бүхий Од кинотеатрийн дэргэдэх Прага ресторанд Элбэгдоржийн санаачилгаар МоАХ ЕЗЗ ( УЗ гсн үг) гишүүд , зарим хүндэт зочид ( МОХ-ноос би уригдсан бв, манай нөхөд яалаа даа  маймаанд явсан бх) цуглан , эрх чөлөөний тэмцлийн түүхээ хүндлэх сэргээхийн чухалыг   ярьж  бас чамгүй тансаг зоог барьж Сосорбарам маань ая дууны мэндчилгээ өргөж шүлэг ч уншиж бсан юм шүү! Харин төр засаг түүхийн салбар, цэрэг ба  шашныхан таг л өнгөрсөн юмдаг! 

    Холбоотой мэдээ