
Засгийн газрын хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагын амралтыг эхлүүлэх асуудлыг хэлэлцлээ. Улсын онцгой комиссын зөвлөмжөөр томуугийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг энэ сарын 10-наас цахим сургалтад шилжүүлэхээр болов. Сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ сарын 18-наас эхэлж, хоёрдугаар сарын 3-ныг хүртэл амрах юм.
Мөн урьдчилсан байдлаар:
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ
Сургуулийн өмнөх боловсролын байгууллага нь жил бүрийн есдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 1-ний өдөр хүртэл хичээллэдэг. Цар тахлын нөхцөл байдал, томуугийн улирал эхэлж байгаатай холбоотойгоор 2021 оны арванхоёрдугаар сарын 10-наас хоёрдугаар сарын 3-ны өдрийг дуустал хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоохоор төлөвлөв.
ДЭЭД БОЛОВСРОЛ
Дээд боловсролын байгууллагуудын тухайд арванхоёрдугаар сарын 10-ны өдөр хүртэл хичээллээд амарна. Амарсан өдрөөс эхлэн зарим шалгалтыг цахимаар өгнө. Биечилж өгөх шаардлагатай шалгалтыг хоёрдугаар сарын эхэнд зохион байгуулахаар төлөвлөж байна.