• Коронавирус, сонгууль, саарал жагсаалт, Монгол хэлний төлөөх тэмцэлтэй 2020 он

    Шилжрэн одож буй 2020 онд Монгол улсад ямар үйл явдлууд болж дуулиан дагуулав. Мэдээж хүн төрөлхтний гол айдас болсон Ковид-19 халдвар Монгол улсад ч орж ирлээ. Энэ жил Монгол улсад УИХ-ын болоод Орон нутгийн хоёр ч сонгууль болсон. У.Хүрэлсүх өөрийн Засгийн газраа байгуулсан, ФАТФ-ын саарал жагсаалтаас Монгол улс хамгийн богино хугацаанд гарсан. Баахан улстөрчдийг ялласан, Монгол хэлний төлөөх тэмцэл өрнөсөн гээд үйл явдлууд энэ оныг тодорхойлж чадна.

    -Коронавирус

    Энэ 2020 оны эхээр БНХАУ-ын Хубэй мужийн төв Ухань хотоос эхэлсэн хэмээгдэх коронавирус буюу Ковид-19 нь дэлхий даяар цар тахал хэмээгдэн тараад буй. Эдүгээ 80 сая хүн өвчилж, 1.8 сая хүн халдвар авсан энэхүү вирусын халдварыг ДЭМБ-аас цар тахал гэж нэрлэсэн. Энэхүү вирусын халдвар Монгол улсад ч голомтлон тараад байна.

    Уг нь Монгол улс 10 сар дотооддоо вирусыг алдалгүй барьж ирсэн ч хууль, хяналтынханы хариуцлагагүй байдлаас болж 11 дүгээр сарын эхнээс голомтлон тархаад байна. Өмнө нь гадаад улсаас иргэдээ авчирч тэдний дунд вирусын халдвар зөөвөрлөгдөн орж ирж байсан юм. Тэгвэл Энхсаран сувилал хэмээх газраас эхэлж алдагдсан Ковид-19 түүнээс хойш 6 аймаг, нийслэл хотод голомтлоод байна. Энэхүү вирусыг Энхсаран сувиллын, төмөр замын, Сэлэнгийн, Дарханы, Замын-Үүдийн, Орхоны, Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн голомт хэмээн нэрлэж тохиолдлуудыг тоолсоор сууна. Эдүгээ хамгийн идэвхтэй голомт БЗД-ийн Нэгдсэн эмнэлгийнх болоод байна.

    Өнгөрсөн өвлөөс хойш Засгийн газар, УОК, НОК, Эрүүл мэндийн яам, МХЕГ, ЦЕГ, ТЕГ, ОБЕГ-ууд эрвийх, дэрвийхээрээ хичээн ажиллаж байсан ч цөөн хүмүүсийн хариуцлагагүй байдал халдварыг дотооддоо алдахад хүргэсэн нь харамсаад ч баршгүй юм.

    У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газруудыг УИХ, Орон нутгийн сонгуультай холбоотойгоор хөрөнгө мөнгийг зүй зохисгүй зарцуулсан хэмээх шүүмжлэл гарсаар байгаа ч ямар ч нам, хэн ч байсан ийм л байх байсан нь тодорхой билээ. Тиймээс ирэх өдрүүд, цаашлаад сар, жилүүдэд бид хамтдаа нэгэн зүг харж, нийтээрээ халдварын дэглэмийг сайтар мөрдөн, маскаа зүүж, гараа угааж, ариутгалаа сайн хийж байж халдварыг даван туулах билээ.

    Хэдийгээр уг өвчнийг судалж, АНУ, ОХУ, БНХАУ, Герман гээд дэлхийн олон улс оронд олон компаниуд вакцин бүтээхээр хөгжүүлж, зарим улс орон иргэдээ вакцинжуулж эхэлсэн ч тэрхүү вакцинуудын үр нөлөө хэзээ гарч, дэлхийн нийт хүн төрөлхтнийг хэдийд вакцинжуулж дуусах нь тодорхойгүй л байна. Манай улс ч вакцинд хамрагдахаар Засгийн газрын ажлын хэсэг ажиллаж байгаа ч яг хэдийд вакцин орж ирэх нь тодорхойгүй л байна.

    -УИХ-ын сонгууль

    Дэлхий даяар коронавирус тархсан энэ 2020 онд манай улсад ээлжит УИХ-ын сонгууль болж өнгөрлөө. Эрх баригч МАН дахин үнэмлэхүй ялсан энэхүү сонгуульд улстөрийн 13 нам, 4 эвслийн 485, мөн 121 бие даагч, нийт 606 нэр дэвшигч өрсөлдсөн юм.

    МАН УИХ-д 62 суудал авсан бол АН 11, Та бидний эвсэл (Монгол Ардын Хувьсгалт НамИргэний Зориг Ногоон НамМонголын Уламжлалын Нэгдсэн Нам) 1, Зөв хүн электорат эвсэл (Хөдөлмөрийн Үндэсний НамМонголын Социал Демократ НамЗүй ёс нам) 1, бие даагч 1 гишүүн сонгогдсон.

    Хуулийн дагуу сонгуулийн сурталчилгаа албан ёсоор 2020 оны 6 сарын 2-нд эхэлж, 21 хоног үргэлжлээд 6 сарын 22-нд дууссан.

    Цар тахал, баривчилгаа, шүүх хурал, хэрүүл шуугиан дунд өрнөсөн энэ удаагийн сонгууль урьд өмнөх бүх сонгуулиас илүү хүнд нөхцөлд явагдсан. МАН хэдий ялсан ч тус намын дарга У.Хүрэлсүхийн рейтинг гишүүдийг нь ийн ялалтад хөтөлсөн гэдэгтэй маргах хүн байхгүй байх.

    -У.Хүрэлсүхийн Засгийн газар

    Өнгөрсөн 2019 оны намар баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хуулиар Ерөнхий сайдаар томилогдсон хүн өөрийн удирдах Засгийн газрын гишүүдийг Ерөнхийлөгч, УИХ-д тус тус танилцуулснаар ажиллаж эхлэхээр батлагдсан. Энэ дагу У.Хүрэлсүх ялсан намын даргын хувьд дахин Ерөнхий сайдаар тодорсны цэвэр өөрийн Засгийн газраа бүрдүүлсэн.

    У.Хүрэлсүх энэ удаагийн Засгийн газартаа хэдий салбаруудын туршлагатай хүмүүсийг сайдаар нь томилох чиглэл барьсан гэх боловч хэл ам, хэрүүл шуугианы эзэд цөөнгүй багтсан нь ч үнэн билээ.

    Өмнөх Засгийн газар болон УИХ-аас тэрбээр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ (УИХ-ын гишүүн, нутгийн дүү), Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар (УИХ-ын гишүүн, Сангийн сайд), Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Сарангэрэл (Эрүүл мэндийн сайд) гурвыг л шинэ Засгийн газартаа багтаасан. Мөн тэдэн дээр УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг ХЗДХ-ийн сайдын суудалд тохоон томилсон юм

    Тэгвэл ЖДҮХС-аас эхнэрийнхээ компаниар зээл авсан Я.Содбаатарыг (УИХ-ын гишүүн асан) Шадар сайдаар томилсон. Эрүүл мэндийн сайдаар Б.Цогтбаатарыг (ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга) томилно гэж байснаа ганц шөнийн дотор өөрчилж, Нэгдүгээр эмнэлгийн дарга Т.Мөнхсайхан гэдэг залууг томилсон. Тэр нь “Хүчит шонхор” захын эзний хүү, мөнгөтэй нэгэн гэх. Бусад сайдуудын тухайд ихэнх нь мэргэжлийн хүмүүс томилогдсон.

    Бусад сайдаар:

    • Эрчим хүчний сайдад Н.Тавинбэх (Багануур дүүргийн захирагч)
    • БСШУ-ын сайдад  Л.Цэдэвсүрэн (БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга)
    • Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар (ЗТХ-ийн дэд сайд)
    • ХХААХҮ-ийн сайдаар З.Мэндсайхан  (ТӨБЗ-ын газрын дарга)
    • Соёлын сайдаар С.Чулуун (түүхч, академич)
    • Барилга хот байгуулалтын сайдаар Б.Мөнхбаатар (БХ-ийн дэд сайд)
    • Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар А.Ариунзаяа (Үндэсний статистикийн хорооны дарга)
    • Батлан хамгаалахын сайдаар Г.Сайханбаяр (Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга)
    • Уул уурхайн сайд Г.Ёндон  (“Монголросцветмет” ТӨҮГ-ын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал )
    • Гадаад харилцааны яам  Н.Энхтайван (УИХ дахь МАН-ын бүлгийн дарга) нар томилогдсон

    -Орон нутгийн сонгууль

    Энэ оны 10 дугаар сарын 15-нд болсон Орон нутгийн сонгуулиар МАН-ын ялалт үргэлжилж 13 аймаг, Нийслэлийн 8 дүүрэгт ялсан. Тэгвэл АН 8 аймаг, нэг дүүрэгт ялалт авч бас ч гэж хүчтэй сөрөг хүчин байгааг харуулав.

    Нийслэлийн дүүргийн ИТХ-ын 291 суудлаас МАН 201, АН 75, ХҮН 10, МАХН 1,  Монголын Ногоон нам 1, бие даагч 2 суудал тус тус авсан. Хамгийн гол төвлөрөл болох нийслэлд болон олонх аймагт ялсан нь МАН-ын хувьд УИХ-ын сонгуулийн дүнгээ  бататгасан хэрэг байв.

    Орон нутгийн сонгууль ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх намуудын бэлтгэлийг шалгасан томоохон шалгалт боллоо. Энэ удаагийн орон нутгийн сонгууль, экс болон одоогийн Ерөнхийлөгчдийн шууд оролцоотой болж өнгөрснийг үгүйсгэх аргагүй юм.

    НИТХ-ын сонгуульд нэр дэвшсэн гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Э.Батшугар, дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ, УИХ-ын дарга асан Р.Гончигдоржийн охин Г.Уянгахишиг нар ялагдсан нь чнэгийг өгүүлнэ.

    Сүүлийн 8 жилийн сонгууль бүрийн дараа луйврын сонгууль хэмээн уйлагнаж, мөн сонгууль бүрээр аль нэг намтай эвсэж, хамтарч алаад өгнөө гэж ирсэн экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын нам энэ удаад ч байнд ч үгүй, банзанд ч үгүй хоцорлоо.

    Энэ удаагийн сонгууль ХҮН-ыг Монголын улстөрд гуравдагч хүчний орон зайд тоглож эхэлж байгааг баталгаажууллаа. Сонгууль эхлэхэд тус намыг НИТХ-ын сонгуульд оролцуулахгүй байх шүүхийн шийдвэр гарсан ч удалгүй уг шийдвэрийг буцаасан.  ХҮН НИТХ-д 3 суудал, дүүргүүдийн ИТХ-д 10 суудал авсан нь чамлахааргүй амжилт. ХҮН-ын нийслэлийн хорооны дарга Д.Наранбаяр, Д.Гантулга нар Баянзүрх дүүргээс, П.Ганзориг Хан-Уул дүүргээс тус тус сонгогдоод байна.

    Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх жилийн ээлжит сонгуулийнхаа бие халаалт болгож энэ удаа орон нутгийн сонгуульд АН, МАХН, ШИНЭН-тай “хамтарлаа”. Ерөнхийлөгчийн хувьд орон нутагт ажилласан цаг хугацаа нь Орон нутгийн сонгуультай давхацсан.

    АН-ын дээд удирдлага өнгөрсөн УИХ-ын сонгуулиас хойш ойлгомжгүй байдалд орсон. Үүнтэй зэрэгцээд ирэх жил Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхийг АН-аас авах том зорилго Х.Баттулгад бий.

    Эдгээр нь Ерөнхийлөгчийг энэ удаагийн орон нутгийн сонгуульд хүч тавихад хүргэсэн нь ойлгомжтой. Орон нутгийн сонгуулийн төгсгөл дээр Архангай аймагт ажиллаж, иргэдтэй уулзсан нь тус аймагт АН ялахад томоохон нөлөө үзүүллээ. Тус аймгийн засаг даргыг олны өмнө загнасан нь ийнхүү нөлөөлсөн гэдгийг ярьсаар байгаа юм.

    -УИХ-ын гишүүнээс татгалзаж, Нийслэлийн засаг дарга болсон Д.Сумьяабазар

    УИХ-ын гишүүн  Д.Сумьяабазарыг хотын дарга болж магадгүй хэмээх яриа бүр орон нутгийн сонгуулийн өмнө дуулдаж эхэлсэн билээ.Гэвч өөрөө хотын дарга болохгүй гэж мэдэгдсэн. Гэсэн ч тэрээр УИХ-ын гишүүнээс татгалзан байж нийслэлийн Засаг дарга болов.

    Үүнийг хүмүүс, тэр дундаа намынхан нь янз бүрээр хүлээн авч байна. Нэг хэсэг нь Д.Сумьяабазараас өөр хотыг удирдчих хүн байхгүй, түүн шиг зангарагтай хүн л чадна гэлцэнэ. Харин нөгөө хэсэг нь Сонгинохайрханы сонгогчдын итгэлийг хөсөрдүүлж, гишүүнээсээ татгалзлаа, хотын аж ахуйд шуналаа гэцгээх аж. Аль  аль нь  хамаатай биз.

    Эхний дүгнэлтийн тухайд  МАН-ын нийслэлийн хэмжээнд  тухайн албан тушаалд тэнцчих хүн ховордсон нь үнэн. Тухайлахад  саяхан болж өнгөрсөн орон нутгийн сонгуулиар сонгогдсон 34 төлөөлөгч дунд зангарагтай хүн байхгүй гэсэн өнгө аястай үгийг ч зарим дарга нар хэлсэн. Тиймээс хотод амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд хотын МАН-ын даргаа Засаг даргаар тавихаас өөр сонголт үлдээгүй болов уу.

    Д.Сумьяабазарын тухайд, 2013 онд анх УИХ-д сонгогдсоноосоо хойш дахин 2016, 2020 онд сонгогдсон, 2017-2020 онд Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажилласан  учир  зангарагтай нэгэн бололтой. Харин хоёр дахь дүгнэлт эндээс урган гарна. Гурван удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон (одоо гишүүн), нэг удаа сайдаар ажилласан хүн хотын дарга хэмээх доод эрэмбийн албан тушаалд гулсан буух ямар эрх ашиг байна вэ?

    Үүний хариуд мэдээж намын эрх ашиг, хотын эрх ашиг гэж хариулна. Д.Сумьяабазар гэх хувь улстөрч талаасаа бол албан тушаалын хувьд доошилсон, ажил хэрэг, ашиг унацын хувьд дээшилсэн албан тушаал юм. Уг нь ард иргэдийн саналыг авч, төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдон ажиллана гэдэг улстөрч хүний хувьд хэн хүсээд олддоггүй ажил.

    Ардчиллын түүхэнд Д.Сумьяабазараас өмнө парламентын гишүүнээс татгалзсан 6 хүн байдаг аж.

    Эхнийх нь Улсын Бага хурлын гишүүн Б.Дамдин. УБХ-ын гишүүн Б.Дамдин мөнгөний ханшийг хоёр дахин буулгасан 20 дугаар тогтоолыг албан тушаалын дагуу урьтаж мэдээд хэрэгжиж эхлэхээс өмнө дэлгүүрээс их хэмжээний худалдан авалт хийсэн нь илэрч, гишүүнээс сайн дураараа татгалзаж, чөлөөлөгджээ.

    Хоёрт хөгжмийн  зохиолч Н.Жанцанноров . Тэрбээр 1993 онд эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдсөн.

    Гуравт Ц.Элбэгдорж улсын нууц задруулсан хэргээсээ болж 1994 онд УИХ-аас сайн дураараа татгалзан чөлөөлөгдсөн.

    Дөрөвт, одоогийн Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх гэр бүлийн хүнийг эмчлүүлэх шалтгаанаар татгалзсан.

    Тавдугаарт, УИХ-ын гишүүн Т.Гантулга 2018 онд хэрэгт холбогдсоны улмаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Харин Р.Амаржаргал чөлөөлөгдөхийг хүссэн ч тухайн үеийн нам нь түүний хүсэлтийг дэмжээгүй билээ.

    Энэ нэр бүхий хүмүүс бүгд эрүүл мэндийн эсвэл гэмт хэргийн улмаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн бол Д.Сумьяабазар анх удаа албан тушаалын төлөө УИХ-ын гишүүнээс өөрийн саналаар татгалзсан юм.

    -Ерөнхий сайдууд болон улстөрчдөд өгсөн ял

    Монгол улсын шүүх өнгөрсөн УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэс буюу өнгөрсөн зун асар хурдтай ажилласан.

    Энэ зун шүүгчид улстөрчдийн холбогдсон хэргийг шийдэхийг ёстой л нэг үзүүлж өгсөн.

    Шүүх С.Баяр, М.Энхсайхан, Ж.Эрдэнэбат нарын Ерөнхий сайд нар болон, С.Баярцогт, Да.Ганболд, Д.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нарын улстөрчид, ТЕГ-ын дарга асан генерал Б.Хурц, УЕП-ын орлогч байсан Г.Эрдэнэбат нартай холбоотой хэргүүдийг шийдэж ихэнхийг нь яллаж, заримынх нь хөрөнгийг хураасан. Тэднийг дагаж хэдэн арваар тоологдох өмнө нь төрд албан тушаал хашиж явсан хүмүүс ял авсан байдаг.

    Мөн бизнесийнхнээс “Азаргын гол чонот” компанийн үүсгэн байгуулагч Б.Отгонбаатар, бас “Ариг” банкаа дээрэмдүүлж буй “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат нарт ял өгсөн..

    Тэгвэл саяхан Төв аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Б.Хурц нарыг ялласан анхан шатны шүүхийнхээ шийдвэрийг хүчингүй болгосон. Хэд хоноод анхан шатны шүүх нь Б.Хурц нарыг хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэмээх хуулийн нэртэйгээр суллалаа. Мөн “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хэрэг анхан шатны шүүх рүү буцаж, тэр суллагдав

    Анхан шатны шүүхээс С.Баярцогтод нийт 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Тэгвэл эдүгээ 4 жилийн л ялтай үлдэж бусдыг нь хасуулав.

    Ингээд харахаар улстөрчид тун удахгүй бүгд цувран суллагдах байх.

    -УИХ-ын гишүүн, нэр дэвшигчийг бүрэн эрхийг нь түдгэлзүүлэлгүй хорьж, яллав

    Сонгуулийн үеэр нэр дэвшигчдийг барьж хориод, удалгүй сонгуулийн дараа шүүн тасалж, ял оноож байлаа. Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат гэхэд УИХ-ын гишүүн хэвээрээ байхад нь барьж хорьсон. Тэрбээр шоронгоос өрсөлдөж, дахин ялсан ч тангарагаа өргөж амжилгүй ял уншуулсан юм.

    Тэгвэл 2020 оны ээлжит сонгуулийн 13 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн Жаргалтулгын Эрдэнэбатыг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсугай хэмээн Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны тогтоол гарсан.

    Тус тогтоолд Ж.Эрдэнэбатад Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх олгож, нийтэд мэдээлэхийг даалгасан юм. Гэвч түүнийг яллаж, нийслэлийн давж заалдах шүүхээс ялыг нь хэвээр баталсан. Түүний хэргийг одоо УДШ-ээр хэлэлцэх дутуу байгаа. Хэрвээ хэрэг нь цагаадвал тэрбээр УИХ-ын гишүүний тангаргаа өргөнө, үгүй бол 13 дугаар тойрогт буюу Сэлэнгэ аймагт нөхөн сонгууль явагдах юм. 

    -ЖДҮ-чдэд ялгавартай хандаж байна

    Олон мянган жижиг, дунд үйлдвэрлэгчдийн боломжийг хулгайлан мэдээлэлд ойр, өндөр албан тушаалаараа дадайлган ЖДҮХС-аас тэрбум тэрбумыг авчихсан гишүүдийн хэрэг сүүлийн хоёр, гурван жил шуугиулсаар л байна. Энэ 2020 онд тэдгээр нөхдүүдийн зарим нь шоронд бас нэг хэсэг нь өндөр албан тушаалд хүрээд буй.

    ЖДҮХС-гаас тэрбум тэрбумаар нь өөрийнхөө хамаарал бүхий болон эхнэр хүүхэд, аав ээжийнхээ компанид олон зуун сая, тэрбум төгрөгийн зээл аваад өгчихсөн төрийн дээд албан тушаалтнуудын зарим нь  Төрийн ордон дотор хээв нэг алхаж явна.

    УИХ-ын гишүүн асан Б.Батзориг, Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Г.Солтан, Л.Энхболд, А.Сүхбат, Н.Оюундарь нарыг ЖДҮ-д холбогдсон хэмээн 2020 оны сонгуульд нэр дэвшүүлээгүй.

    ЖДҮ-д холбогдсон Н.Учрал, Б.Баттөмөр, Х.Нямбаатар, Х.Болорчулуун, Б.Саранчимэг, Г.Тэмүүлэн нар УИХ-д дахин нэр дэвшиж сонгогдсон.

    ЖДҮ-д холбогдсон Я.Содбаатар Шадар сайдаар, Х.Нямбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон.

    УИХ-ын гишүүн асан Б.Батзоригийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татсан.

    Шүүхийн шатанд Б.Батзориг нь гэм буруугаа хүлээсэн бөгөөд прокурорын байгууллагаас түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-т заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан”, 22.4, 22.5 дугаар зүйлд заасан “Хахууль авах, хахууль өгсөн” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналыг шүүхэд гаргасан.

    Энэ сарын 04-ны өдөр УИХ-ын гишүүн асан Б.Батзоригт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд болсон.  Шүүх бүрэлдэхүүн Б.Батзоригийг гэм буруутайд тооцож, нийтийн албанд таван жил ажиллах эрхийг хасаж, 40 сая төгрөгөөр торгох шийдвэрийг гаргав.

    УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийн шүүх хуралдаан Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 11-ны өдөр болсон. Шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзээд түүнд 2 жил 6 сарын хорих ял оноов. Мөн нийтийн албанд ажиллах эрхийг нь зургаан жилээр хасах шийдвэр гаргасан.

    Тэрбээр Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас “Доктор МЭИК” компаниараа дамжуулан 700 сая төгрөгийн зээл авсан хэрэгт холбогдсон билээ.

    ЖДҮХС-гаас зээл УИХ-ын гишүүн асан Г.Солтанд холбогдох шүүх хуралдаан долдугаар сарын 29-нд болж, Г.Солтаныг Улсын Их хурлын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа өөрийн үүсгэн байгуулсан, захирлаар өөрийн хүү С.Ахмед, менежерээр эхнэр Б.Алтанчимэг ажилладаг өөрийн хамаарал бүхий “Монгол шаазан” ХХК-д “Малын тэжээл үйлдвэрлэх” төслийн зориулалтаар урт хугацааны хөнгөлөлттэй зээл авахын тулд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзоригт хууль бусаар нөлөөлсөн гэж үзсэн юм. Тэрбээр “Монгол шаазан” ХХК-нд 950 сая төгрөгийгурт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргуулж, өөрт болон өөрийн гэр бүлд эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон.

    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаарнийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

    УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир нь ЖДҮХС-аас “Сапфир стоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нь дам байдлаар нөлөөлсөн байж болзошгүй хэргээр ял авав.

    -ФАТФ-ын саарал жагсаалтаас гарав

    Монгол улс өнгөрсөн нэг жилд FATF-ын саарал жагсаалтад орж, эргэж жагсаалтаас гарахаар тэмцсээр өнгөрлөө.

    Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага Financial Action Task Force буюу FATF нь дэлхийн улс орнуудыг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэж байгааг судалж, зөвлөмж өгөх үндсэн үйл ажиллагаа явуулдаг.

    Тухайн улс орны санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх бодлогыг 49 шалгуур үзүүлэлтээр дүгнэн үзэж зөвлөмж гаргадаг бөгөөд уг зөвлөмжийг улс бүхэн биелүүлэх үүрэгтэй. Ямар нэг улс саарал жагсаалтад орлоо гэхэд олон улсын төсөл хөтөлбөр саатах эрсдэл үүсч болзош­гүй аж. ФАТФ­-ын гишүүн орнуудад дээрх хориг үйлчилдэг.

    Манай улс энэхүү Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагад 2004 онд гишүүнээр элсч тодорхой үүрэг хүлээж, 2006 онд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх тэмцэх тухай хуулийг УИХ баталсан.

    Мөн хуулийг 2013 онд шинэчлэн найруулсан бөгөөд 2018 оны дөрөвдүгээр сард нэмэлт, өөрчлөлт оруулсан юм. Монгол улс өнгөрсөн жил хоёр дахь удаагаа Исланд, Зимбабе улсуудын хамт саарал жагсаалтад орсон.

    Өнгөрсөн жил FATF-ын саарал жагсаалтад орсонд эрх баригчдын үйл ажиллагаа, авлигын хэргүүд, арилжааны банкууд өөрсдийн хөрөнгөө нэмэгдүүлсэн 500-аад тэрбум төгрөгийг тайлбарлаж чадаагүйгээс, мөн Ил тод байдлын тухай хуулиар илэрсэн 35 их наяд төгрөг бүртгэгдсэн, улстөрчидтэй холбоотой гаднын улсад илэрсэн оффшорын асуудал, Хойд Солонгос буюу БНАСАУ-тай зэвсэг, техникийн наймаа хийж, дэлхий нийтийн өмнө терроризмын үйл ажил­лагааг дэмжсэн, Монгол улсыг төлөөлөн гадаадын оронд суугаа Элчин сайдын яамны ажилтнууд хар тамхины гэмт хэргүүдэд холбогдож, алт тэргүүтэй хориотой бараа, бүтээгдэхүүн нэвтрүүлэх дотоодын хил гаалиас болж гээд олон асуудлаас болсон гээд шуугисан.

    Хэдий ийм олон асуудлаар эрх баригчдыг муулсан ч саарал жагсаалтад орсон нь дараах асуудалтай холбоотой гэнэ. Энэ нь ч сая 10 сард саарал жагсаалтаас Монгол улсыг хасах гол нөхцөл болсон аж.

    Монголбанкны Ерөнхийлөгч Г.Лхагвасүрэн, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарынхаар бол FATF-ын саарал жагсаалтад орсон нь 2012-2016 онд эрх барьсан АН, МАХН-ын буруу бодлого, буруу үйлдлүүд Монгол Улсыг саарал жагсаалт руу оруулсан. Буруу бодлого, буруу үйлдэлтэйгээ дасан зохицсон. Түүнтэйгээ нийцэж тайван амьдардаг болсон. Засах арга хэмжээ авалгүй байсаар өнөөгийн байдалд хүрсэнтэй холбоотой юм.

    Мөн өнгөрсөн жил ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж “Энэ асуудлыг улс төржүүлэх муу ажил хийгдэж байгаа тул тодорхой зүйл хэлье. 2013-2016 оны хоорондох санхүүгийн байдалд үнэлгээ хийсэн. Энэ үнэлгээ хийх үед Ил тод байдлын тухай хууль 2015 оны наймдугаар сарын 6-нд батлагдсан. Тэр хуулийн дараа Монгол Улсын хөрөнгийн хэмжээ 34 их наядаар нэмэгдэж өмнө байснаасаа 150 хувиар нэмэгдсэн. Ийм сэжигтэй хууль батлагдаж, сэжигтэй хөрөнгийн  хөдөлгөөн хийгдсэн учраас FATF-ын энэ шалгалтад хамрагдсан түүхтэй юм…Ил тод байдлын тухай хууль, нөгөө нь Өршөөлийн хууль. Тэрэнд авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг хамруулахгүй гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хориг тавьж, би түүнийг нь дэмжиж байсан. Ингэж хууль баталж, хуулийн дараах хөрөнгийн хэмжээ 150 хувиар нэмэгдсэн. Мэдээж үүнд гадны байгууллагуудад сэжиг төрж таарна.

    Ингээд 2016 оны сүүлээр FATF-ын ажлын хэсэг 9 хүнтэй ажиллаад үнэлгээ хийж тайланг 2017 оны тавдугаар сард 40 зөвлөмж гаргасан. Үүнийг хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газар ажиллаад таван асуудлаас бусдыг биелүүлсэн. Сүүлд сая 2019 оны аравдугаар сарын 11-нд FATF-ын Азийн хамтарсан бүлгийн даргаас нь надад захидал ирсэн… Энэ бол 2013-2016 оны хооронд болсон үйл явдлын үр дүн ингэж гарч байна. Тэр биелүүлээгүй дөрвөн асуудал дотор мөнгө угаахтай тэмцэх асуудлаар шүүх шийдвэр гаргахгүй байна гэсэн нэг гол асуудал, хоёрт хөрөнгө хураагдахгүй байна гэдэг асуудал туссан байгаа.Хөрөнгө хураах асуудлыг Засгийн газар шийддэггүй. Хуулийн байгууллага шалгаад, шүүх гэм буруутайг нь нотолж чадвал тэр хэрэгтэй холбоотой хөрөнгийг хураах асуудал байдаг” гэж мэдэгдэж байв.

    Үнэхээр ч түүний ярьсантай холбоотой асуудлуудыг шийдэж, шүүхийн шийдвэрүүд гарснаар FATF Монгол улсыг саарал жагсаалтаас хаслаа.

    Өнгөрсөн оны 10 сард ийнхүү саарал жагсаалтад орсон бол яг нэг жилийн дараа гарсан нь өнгөрсөн зун шүүхээс С.Баяр, М.Энхсайхан, Ж.Эрдэнэбат нарын Ерөнхий сайд нар болон, С.Баярцогт, Да.Ганболд, Д.Эрдэнэбат нарын улстөрчид, ТЕГ-ын дарга асан генерал Б.Хурц, УЕП-ын орлогч байсан Г.Эрдэнэбат нартай холбоотой хэргүүдийг шийдэж ихэнхийг нь яллаж, заримынх нь хөрөнгийг хураасан, Эрдэнэтийн 49, 51 хувьтай холбоотой асуудлуудыг шийдсэн, Салхитын мөнгөний ордын асуудлыг шийдэж улсад авсан гээд олон асуудлууд FATF-ын ажлын хэсгийн дүгнэлтэд эерэгээр туссан учир Монгол улс саарал жагсаалтаас гараад байгаа гэнэ.

    Монгол Улсыг “Саарал жагсаалт”-аас гаргах эсэхийг шийдвэрлэх ФАТФ-ын Олон Улсын хамтын ажиллагааны Хяналтын бүлгийн хурал өчигдөр (2020.10.13) онлайнаар зохион байгуулагдсан. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын мэдээлснээр, тус хурал дээр Монгол Улсад ирж ажилласан үнэлгээний багийн гишүүд тайлангаа танилцуулжээ. Улмаар Монгол Улсыг “Саарал жагсаалт”-аас гаргах санал асуухад онлайн хуралд оролцож буй 100 гаруй орны төлөөлөгчдөөс нэг нь ч эсэргүүцэлгүй бүгд дэмжжээ.

    “Цар тахлын хүнд хэцүү цаг үед газар дээрх хяналт шалгалтыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэе. Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлж, дутагдлыг арилгах чиглэлээр дараах гол арга хэмжээг авч хэрэгжүүлснийг ФАТФ-аас сайшаан үнэлж байна. Үүнд:

    1. Санхүүгийн бус бизнес мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийг хянан шалгах байгууллагын тухайн салбарын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, хяналт шалгалтыг эрсдэлд суурилсан аргачлалаар хийж гүйцэтгэх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үүргээ биелүүлээгүй тохиолдолд гаргасан зөрчилд нь дүйцэхүйц, дахин үйлдэхээс сэргийлсэн хариуцлага оногдуулж ажилласан;
    2. Тодорхойлсон эрсдэлтэй нь уялдуулан мөнгө угаах гэмт хэргийг мөрдөн шалгах, яллах ажиллагааг нэмэгдүүлсэн;
    3. Хилээр мэдүүлээгүй/худал мэдүүлсэн мөнгөн тэмдэгтийг хураан авах, битүүмжлэх, гаргасан зөрчилд нь дүйцэхүйц, дахин үйлдэхээс сэргийлэх арга хэмжээг авсан; (4) хориг арга хэмжээг хэрэгжүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр эрх бүхий байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулснаас гадна санхүүгийн байгууллагууд болон санхүүгийн бус бизнес мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн терроризм болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй холбоотой санхүүгийн хориг арга хэмжээ авах үүргийн хэрэгжилтэд хяналт тавьж, гаргасан зөрчилд нь дүйцэхүйц, дахин үйлдэхээс сэргийлэх арга хэмжээ авсан.

    Иймд Монгол Улс үйл ажиллагааны төлөвлөгөөгөө бүрэн биелүүлэн, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлж, цаашид тогтвортой хэрэгжүүлэхээр байгааг газар дээрх хяналт шалгалтаар баталгаажуулсны үр дүнд Монгол Улсыг ФАТФ-ын хяналтаас гаргахаар шийдвэрлэсэн юм.

    -30 мянган хонь

    Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын Ухань хотод Ковид-19 халдвар гарч байдал хүнд байх үед тус улсад айлчлахдаа Монгол улсаас 30 000 хонь хандивлаж байгааг дуулгаж, бичгийг нь Си Жиньпинд гардуулсан. Энэхүү хандив хоёр орон даяар бараг бүтэн жил яригдлаа. Хятадын сошиал орчинд энэхүү хандивын талаар ихэнхдээ эерэг мэдээлэл түгж байсан билээ. Монголчууд ч хонь малаа хандивлаж байгаагаа илэрхийлж, давалгаалж байсан. Ингээд хятадууд уг хандивыг амьд хониор авахаар болж Монгол улсын засгийн газар  9-р сараас малчдын гараас амьд хонь худалдан авах ажлыг эхлүүлж, дуусгасан.

    10-р сарын эхээр 30 мянган амьд хонийг Монгол улсын Дорноговь аймгийн Замын-Үүд дэх тусгаарлалтын бүсэд тээвэрлэн хүргэсэн байна. Цар тахлын хяналтын холбогдох тогтоолын дагуу эдгээр хонийг 30 хоног тусгаарласны дараа Замын-Үүдийн авто замын боомтоор Хятад улсад тээвэрлэн хүргэсэн. Уг хонины нэг хэсэг Ухань хотод очсоныг халдвартай тэмцсэн эмч нарт хоол хийж өгсөн нь амттай байсан тухай хэвлэлээр мэдээлсэн билээ.

    -Монгол хэлний төлөөх тэмцэл

    Өвөрмонгол хүүхдүүдийг үндэсний хэл бичгээр нь суралцуулахгүй болгосон шийдвэр өнгөрч буй жилд Хятад дахь Монголчууд төдийгүй монгол үндэстний дунд шуугиан тарьж, эсэргүүцэл өдөөсөн. Энэ дунд туурга тусгаар Монгол улсад ч үүний эсрэг тэмцэл өрнөсөн юм. Энэ дунд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж уг асуудлаар есдүгээр сарын 24-нд БНХАУ-ын удирдагч Ши Жинпинд хандан асуудалд хүндэтгэлтэй хандахыг хүссэн захидал бичсэн.

    Энэхүү захидлыг монголчууд эх хувиар нь харах хүсэлт тавьсан тул Монгол, Англи, Хятад хэлээр бичсэн гэдэг.

    БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-г айлчлах үеэр монгол хэлний асуудал хөндөгдөж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх асуудлыг тавьж байлаа. Монгол хэлний төлөөх энэхүү тэмцэл ийнхүү монгол үндэстнийг нэгтгэсэн юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ