З.Мэндсайхан: Махны үнэ өмнөх сараас 27-40 хувиар хямд худалдаалагдаж байна

2021-12-01

Засгийн газрын лхагва гараг бүрийн ээлжит хуралдаанаар

  • Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ
  • Эдийн засгийг дэмжих “Шинэ сэргэлт”-ийн бодлого
  • Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ зэрэг 16 асуудлыг хэлэлцжээ.

Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, ачаа тээврийн тээвэрлэлттэй холбоотой асуудлаар Засгийн газрын хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өгчээ.

Тодруулбал импортын хүнсний татан авалтыг нэмэгдүүлэх холбогдох зохицуулалтыг хийснээр өнгөрөгч 11 дүгээр сарын 7-30-ны хугацаанд 103 вагон цагаан будаа, элсэн чихэр татан авчээ. Мөн 11 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар Эрээн, Замын-Үүдийн төмөр замын боомтоор 70 вагон, зургаан чингэлэг нарийн ногоо, жимс, жимсгэнэ орж ирснээр нийлүүлэлтийн тасалдлаас үүдэлтэй үнийн өсөлтийг бууруулж, бүтээгдэхүүний үнэ энэ оны есөн сарын түвшинд хүрсэн гэжээ.

Мөн энэ сарын 25-наас 12 дугаар сарын 2-ныг дуустал Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж буй “Өвлийн идэш” төвлөрсөн худалдааны үеэр үхрийн мах 9000-9500, адуу 7500-8000, хонь 7500-8000 , ямаа 6300-6500 төгрөгөөр борлуулагдаж байгаа нь ҮСХ-ноос гаргасан арваннэгдүгээр сарын үнийн мэдээллээс 27-40 хувиар бага байна гэж З.Мэндсайхан сайд танилцуулжээ.

Холбоотой мэдээ