• Н.Тавинбэх: Импортын эрчим хүчний хувьд ямар нэгэн хэтрэлт өнөөдрийн байдлаар гараагүй байна

    УИХ-ын гишүүн С.Бямбацогт Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд эрчим хүчний хангамжийн аюулгүй байдлыг яаралтай хангаж, өвлийн оргил ачааллын ид үед байдлыг хэвийн горимд оруулах оновчтой шийдвэрийг Эрчим хүчний яам болон Засгийн газраас цаг алдалгүй яаралтай гаргах хэрэгтэй талаар асуулга тавьсан юм.

    УИХ-ын чуулганы Баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх асуулгын хариултыг уншиж танилцууллаа. Асуулгын хариулттай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

    УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Монгол Улс анх удаа ард иргэд, ААН-ийнхээ цахилгааны төлбөрийг тэгэлсэн. Хэрэглээ эрс өсч, эрчим хүчний системийг доголдуулсан. Тодорхой журам гаргасны хүчинд эрчим хүчний систем тогтворжсон гэж ойлгож болох уу? ОХУ-аас ямар үнэтэй эрчим хүч авч байна вэ? Нар, салхины станцаас хэдэн мегаватт эрчим хүч гаргаж ашиглаж байна вэ? Цаашид эрчим хүчний хараат байдлаас гарахын тулд Эгийн голын цахилгаан станцыг хэдийнээс яаж амжилттай хэрэгжүүлж ажиллах вэ?

    Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Тогтоол гарахдаа журам гаргаж хэрэгжүүлэхийг зааж өгсөн. Тогтоолын  заалтын дагуу журам гаргасан. Тогтоолыг гаргахдаа маш сайн судалсан. Хэрэглээний өсөлт гарна гэдгийг тооцсон. Эхний өдрийн тооцооллоос хоёр дахин өсөлт гарсан. Энэ өвөл хүндрэл багатай давах боломжтой байна. Эхний гурван өдрийн ачааллын өсөлтийн улмаас түгээх сүлжээнүүд дээр хүндрэл гарсан. Ачааллын өсөлтийг эерэгээр харж байгаа. Эрчим хүчний салбарын өсөлтийг нийтэд бодитоор харуулж өглөө. Цаг хугацаа алдахгүй ажиллах нь зүйтэй гэдэг нь сайн боллоо. Нар, салхины есөн эх үүсвэр бий. Оргил ачааллын өдрүүдэд 100-120 мегаваттын эрчим хүч нийлүүлж, тодорхой үүрэг гүйцэтгэсэн. Нарны эх үүсвэрүүд өдрийн цагаар нийлүүлж байна. Импортын эрчим хүчний хувьд ямар нэгэн хэтрэлт өнөөдрийн байдлаар гараагүй байна.

    УИХ-ын гишүүн С.Амарсайхан “Эрчим хүч хадгалах, нөөцлөх 100 мегаваттын төсөл ямар шатандаа явна вэ? Налайх дүүрэгт гар аргаар нүүрс олборлож, амьжиргаагаа залгаж байсан айл өрхүүд хүндрэлтэй тулсан. Бодлогын гадна орхигдож хаягдаж болохгүй, тэнд айл өрхүүд гал алдаж байгаа. 40 мянган иргэн, 10 мянган айл өрх гал алдаж байна. Энэ талаар ямар төлөвлөгөөтэй байна вэ?

    Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Цэнэгт хураагуур Сонгино дэд станц дээр суурилуулахаар төлөвлөж байгаа. Литум батарейн үнэ буурсан учраас илүү хүчин чадалтай хураагуур худалдаж авахаар Азийн хөгжлийн банкинд хүсэлт гаргаж, дэмжсэн. 200 мегаватт цаг багтаамжтай, цагт 50 мегаваттын эрчим хүч нийлүүлэх боломжтой цэнэгт хураагуур нийлүүлэхээр ажиллаж байна. Импортын эрчим хүчийг 1/3-ээр бууруулах боломжтой. Сайжруулсан түлшний захиалга нэмэгдсэн. Улаанбаатарын хэрэгцээ нэмэгдсэн, зүүн үйлдвэрийн асуудлаас болж алслагдсан дүүргийн иргэд, өрхийг сайжруулсан түлшээр хангах бололцоогүй байна. Ирэх жилээс алслагдсан гурван дүүргийг сайжруулсан шахмал түлшээр хангах боломжтойг хариуцлагатайгаар хэлье.

    УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Хэрэглээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор зардлын өсөл гарна. Нэмэлт зардлуудыг яаж шийдэх вэ? Нүүрсний үнийг хөнгөлсөн. Нүүрсний хэрэглээ хэр өсч байна вэ? Нэлээн утаа тортог ч гарч байгаа талаар яригдаж буй юмнууд байна уу? Зохистой харьцах шаардлага байгаа талаар л ганц асуулт байгаа юм.

    Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “650 тэрбум төгрөгийн 480.7 тэрбум нь дулаан, дулааны уур. Үлдсэн нь цахилгаан, эрчим хүчний төлбөр байгаа юм. Хэрэглээ огцом нэмэгдэхгүй. Илүү гарсан төлбөрөө хэрэглэгч өөрөө төлнө. Ачаалал нэмэгдэнэ. Шинэ хэрэглэгч нарын ачаалал бидний тооцсоноос давах байх. Урсгал зардлууд нэмэгдэж байгаа”.

    УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Дэлхийн хөгжингүй 20 улс нийт эрчим хүчний 90 хувийг хэрэглэж байна. Тэгэхээр эрчим хүчний хэрэглээ хичнээн чухал байгааг харж болж байна. Монголчууд хязгаарлагдмал эрчим хүчний үйлчилгээнд хамрагдаж байжээ. Бидний хөгжилд тушаа болж байгаа эрчим хүчний үйлдвэрлэлийг илүү хямдруулж, эдийн засгаа сайжруулах хэрэгтэй. Хэрэв Эрдэнэтийн 49 хувь ОХУ-ын эзэмшилд байсан бол манайх 650 төгрөгөөр авна гэхэд оросууд зөвшөөрөхгүй байсан. Цаашид хямд эрчим хүч үйлдвэрлэх тал дээр анхаарах хэрэгтэй. Сэргээгдэх эрчим хүчнийхээ хөрөнгө оруулалтыг шийдэх, ногоон эдийн засаг руу явах, хөрөнгийг шийдэх хэрэгтэй болов уу”.

    Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Манай яаман дээр олон төсөл ирж байгаа. Өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрийн үнэ хэрэглэгчийн үнээс 2-3 дахин үнэтэй байгаа. 2019  онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг өөрчилж, дээд хэмжээг зааж өгсөн. Өнөөдрийн байдлаар бид сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хөрөнгө оруулагч хараахан сонгож чадаагүй байна. Бид дүрэм, журмаа боловсруулж ажиллаж байна”.

    УИХ-ын гишүүн Н.Ганибал “Цар тахлын асуудал манай тодорхой салбаруудын бодит үнэнийг ил гаргаж байна. Нүцгэн үнэн гарч байна. Эрүүл мэнд, эрчим хүчний салбарын асуудлуудыг гаргаж тавьсан байдалтай байна. Авч буй арга хэмжээ ард иргэдэд очиж байна. Тэг зогсолтын үед маш олон байгууллага ажиллахгүй байна. Нэгдүгээр сарын 5-наас 15-ны хооронд ид ачааллын үе. Ачааллаа тооцож үзсэн үү? Айл өрхүүдийн төлбөрийн мэдээлэл мэдээлийн санд байгаа юу? Нэгдүгээр сарын 1-нээс импорт нэмэгдэнэ гэж бодож байна. Дотоодын эх үүсвэрээс хамгийн залуу нь 80 оных. Дулааны цахилгаан станцууд барих асуудал байгааг олж харлаа. Нэн тэргүүнд Засгийн газар ажиллах шаардлагатайг харлаа”.

    Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Сошиалаар хэрэглээний өсөлт, Засгийн газрын тогтоолтой холбоотой олон мэдээлэл явсан. Тэр мэдээллүүд шиг тасралт саатал эх үүсвэр талд гараагүй. Цаашид ч бид гаргахгүй байхаар ажиллана. Хамгийн гол нь ид эх үүсвэрийн нөөцгүй ажиллаж байгаа нь үнэн. Хэрэглэгчдийн өмнөх оны мэдээлэл байгаа. Тодорхой дүрэм, журамдаа тусгаад явж байгааг хэлье. Энэ удаагийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт, есөн эх үүсвэрийг шинээр барьж байгуулах ажлыг шинээр хийнэ. Ингэж чадсанаар 1800 мегаватаар нэмэгдэх юм. Тухайлбал, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц байна. Хятадын засгийн газрын санхүүжилттэй, ажил үргэлжилж байна. Тавантолгойн дулааны цахилгааны станц дээр маш их анхаарал хандуулж байна. Маш сайн төсөл байгаа. Дотоодын зах зээл, мөнгөний эх үсвэрийг брдүүлэх ёстой. Тавантолгойн цахилгаан станцыг барихад устай холбоотой хүндрэл байна. Бусад асуудал гайгүй явж байна”.

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Засгийн газрын шийдвэр маш зөв, иргэд ч бас баяр талархалтай хүлээж авч байгаа. Эх оронч сэтгэлгээгээр эрчим хүчээ хэмнэе гэсэн уриалга гараад явж байгааг УИХ-ын гишүүн бид ч өөрсдөө дэмжиж, илүү их ачааллыг үүрүүлэхгүйгээр энэ шийдвэрийг шийдэхэд манлайлал үзүүлж, дэмжих ёстой гэж бодож байна. Саяхан Ерөнхий сайдын өрөөнд ажил ярихаар орсон. Эрчим хүчээ хэмнэе гээд Ерөнхий сайд ажлынхаа арын өрөөний халаагуурыг салгаад, өрөө нь жиндүүхэн, сууж байна лээ. Тавантолгойн ДЦС хэзээ ашиглалтад орох вэ? Эдийн засгийн хувьд хэр боломжтой байгаа вэ?”

    Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Тавантолгойн эрчим хүчний нүүрсний уурхайг түшиглэсэн Тавантолгой ДЦС-ыг төр өөрөө барих Засгийн газрын тогтоол гарсан. Санхүүжилтийн 30 хувийг “Эрдэнэс Тавантолгой”-гоос гаргахаар тохиролцсон. Үлдсэн 70 хувийг талаар ярилцаж байна. Тавантолгой ДЦС 2021-2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Цаг хугацааны хувьд бачуу, нэлээн эрчимтэй ажиллаж байна. Нийт төсөвт өртөг 808 сая доллар байгааг хэлье. Хүчин чадлаасаа хамаараад нэгжийн үнэ янз бүр гарна.

    УИХ-ын гишүүн С.Бямбацогтын санал асуулгын хариуг ийнхүү сонсож дууссан.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ