
Нийтийн тээврийн үйлчилгээний газраас уртасгасан цагийн автобус үйлчилгээнд явуулаад багагүй хугацаа өнгөрч байна. Мөн ачаалал ихтэй замуудад түгжрэл үүсдэг оргил цагуудаар богино эргэлтийн автобусны үйлчилгээг нэвтрүүлжээ.
Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутамд 97 чиглэлд 942 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарч, ердийн цагийн хуваариар буюу 06:40-22:30 цагийн хооронд иргэдэд үйлчилдэг. Тэгвэл иргэдийн зорчих урсгалын судалгаанд үндэслэн уртасгасан цагийн автобусыг Улаанбаатар хотын хөндлөн болон босоо тэнхлэгийн дөрвөн чиглэлд явуулж заншжээ.
Богино эргэлтийн автобусны хуваарийг өдөр өдөрт нь гарган зохицуулж байна. Өнөөдөр өглөөний хувьд 21 чиглэлд 30 автобусыг богино эргэлтэд гаргаж нийтэд үйлчилсэн бол оройн цагаар 15 чиглэлд 20 автобусыг нэмэлтээр гаргах аж.
Түгжрэл ихтэй, оргил ачааллын үед авто замын нэг урсгал түгжирсэн ч нөгөө урсгал нь сул байх нь бий. Ийм тохиолдолд зарим чиглэлийн автобусыг богино эргэлтэд оруулж, түгжрэлгүй урсгалаар зорчигчдыг зорьсон газарт нь хүргэх зорилгоор богино эргэлтийн автобусыг санаачилжээ.
Богино эргэлтийн автобус гаргаж буйтай холбоотойгоор авто тээврийн хяналтын байцаагч нар хяналт тавьж, ачааллын мэдээллийг солилцон тухай бүрд зохицуулалт хийж буй юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.