Я.Содбаатар:Хөл хорио тогтоохгүй бол Цагаан сар гэхэд 2,800 хүн өвчлөх тооцоо гарсан

2020-12-24

УИХ-ын нэгдсэн чуулганаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж эхэллээ.

Шадар сайд Я.Содбаатар Ковид-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэв.

Улсын хэмжээнд нийт 1068 хүн коронавирусын халдвар авсны  392 нь зөөвөрлөгдөн орж ирсэн байна. Мөн:

  • Энхсаран сувилалтай холбоотой 49
  • ХӨСҮТ-ээс 17
  • Цэргийн төв эмнэлгээс-5 хүн коронавирусын халдвар авчээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

Улаанбаатараа хаачихаад дотроо бизнесээ явуул л даа. Содбаатар сайд аа, ухаалаг байх хэрэгтэй шүү.

Тусгаарлалтад байгаа хүмүүсийнхээ хүний эрхийн асуудлыг анхаарах хэрэгтэй. Тусгаарлалтад 2-3 сар болчихсон жирэмсэн хүмүүс байна, одоо тэндээ төр гэж байна. Хоёр сар болоод гарч байгаа оюутнууд байна.

Шадар сайд Я.Содбаатар:

Би хаагаад байгаа зүйл биш л дээ. ДЭМБ болон мэргэжлийн эрдэмтэн судлаачид нь халдвар дэлгэрнэ, жилийн эцэс болоход шинээр халдвар авсан хүний тоо 400-450 хүн болох нь, цагаан сар болоход 2,800 хүн болох нь гээд зөвлөсөн. Тиймээс дэлхий нийтийн жишгээр хөл хорионы арга хэмжээ авч байгаа.

Анхны тохиолдол гарч байх үед халдвар хамгааллын дэглэм барихгүй бол нэг хүнээс найман хүнд халдварлах чадвартай гэж үзэж байсан. Харин хөл хорионы дэглэм барих үед нэгээс нэг хүнд болж буурсан. Сүүлийн голомт тогтоогдсон хугацаанд нэг хүний халдварлах чадвар 1.5 хувьд хүрч байна. Үүнийг нэг хувьд буулгаж байж хөл хорионы дэглэмийг бууруулна гэдэг маш нарийн судалгааг мэргэжлийн хүмүүс гаргаж өгч байгаа.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ