150.5 тонн шатахуун хөрсөнд асгарч, 2.99 га талбай хамарсныг тогтоожээ

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт Улаанбаатар төмөр замын харьяа ачааны галт тэрэг осолдож, тээвэрлэж явсан газрын тосны бүтээгдэхүүн асгарч байгаль орчинд ихээхэн хохирол учруулсан хэрэг гарсаныг өмнө мэдээлж байсан. Тэгвэл энэ удаа дээрх ослын улмаас үүссэн байгаль орчны бохирдлын нөлөөллийн үнэлгээг тогтоохоор ажиллаж байгаа талаар аймгийн МХГ-аас мэдээллээ.

Уг осол нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас 207 км, Орхонтуул сумын Рашаант багаас 3 км, Орхон голоос тав орчим километрийн зайтай “Бүрдийн хөтөл” гэх газарт гарчээ. Тус хэрэгт холбогдох албаныхан анхан шатны шуурхай арга хэмжээ авч ажилласан байдаг. Тодруулбал:

-Түлш асгарсан газарт мэргэжлийн байгууллагууд ажиллаж байгаль орчны бохирдлыг бууруулах, саармагжуулах, хөрс хуулах ажлыг зохион байгуулжээ. Мөн орон нутгийн удирдлага, холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран байгаль орчны нөлөөллийн хохирлын үнэлгээг тогтоох, нөхөн сэргээх ажлыг зохион байгуулахаар ажилласан аж.

-Мөн Сэлэнгэ аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын газрын хоёр мэргэжилтэн, Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч, Улаанбаатар төмөр замын харьяа хөдөлмөр аюулгүй байдлын нэгдсэн лабораторийн сорьц авагч, Онцгой байдлын газрын ажилтан албан хаагчдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг шатахуун асгарсан хэсгийн талбайг нарийвчлан тогтоож, гурван хэсэгт хөрс, шар усны үер, борооны улмаас тогтсон намгийн уснаас дээж авч лабораторийн дүгнэлтийг гаргуулжээ.

Дээрх ослын улмаас нийт 9 вагон замаас гарч унаснаас долоо нь түлш, шатахуунтай байсан байна. Үүний хоёр вагоны түлш таллаж асгарч, нэг савны ёроол цоорсноос шатахуун бүрэн асгарсан байна. Гэмтсэн вагонуудаас 277.8 тонн шатахууныг зориулалтын тээвэрлэгч машинаар соруулан авсан бөгөөд нарийвчилсан хэмжилтээр нийт 150.5 тонн шатахуун хөрсөнд асгарч, 29976 м2 буюу 2.99 га талбай хамарсныг тогтоожээ. Түүнчлэн Байгаль Орчны Шинжилгээний лабораторийн сорилын дүнгээр шар усны эргээс авсан дээжээс 0.007 мг/л, эргээс 30-40 метрийн зайнаас авсан дээжээс 0.017 мг/л нефтийн бүтээгдэхүүн илэрсэн байна. Хөрсний шинжилгээг 10-70 см гүнд дөрвөн үечлэлээр хийснээс стандартаас хамгийн их давсан бохирдол нь 50 см гүнд тогтоогджээ. Тус газрын ургамлын хэв шинжийн хувьд үетэн-алаг өвст, голын хөндий, малын бэлчээр бүхий хөнгөн хүрэн хөрстэй аж. Одоогоор тухайн газрын түлш асгарсан хэсгүүдийг саармагжуулах, нефтийн бүтээгдэхүүн борооны тогтоол ус, намагт илэрсэн учир тунамал шүүх далан 2-3 давхар татах. Мөн ус, хөрсний дээж авах мониторингийн цэг тогтоох. Цаашлаад бохирдсон газруудыг хашиж, нөхөн сэргээлт хийх, нарийн мэргэжлийн байгууллагаар байгаль орчинд үүссэн, нөлөөлөл хохирлын үнэлгээг тогтоолгохоор ажиллаж байгаа аж. Цаашид хөрсний бохирдлыг бууруулах, саармагжуулах, хуулсан хэсгийг нөхөн сэргээх, шаардлагатай арга хэмжээг авах ажээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn