1,200 гаруй загасыг тороор шүүн урсгалд тавилаа

Хөвсгөл нуурын цутгал голууд загас үржлийн үеэр ус багатай байсантай холбогдуулан 2021 оны 5-6 дугаар сард тус голуудад загас өгсөж үржжээ.

Зургаадугаар сарын сүүлээр усархаг бороо орж, нуурын цутгал голуудын усны түвшин нэмэгдэж, загас дахин өгссөн байна.

Загас уруудаж амжаагүй байхад цутгал голуудын зарим салаа цутгалууд тасарч, тасарсан гол, салаануудад загас ихээр үлдсэн учир Хөвсгөл аймгийн хамгаалалтын захиргаанаас хоёр дахь жилдээ загас үржлийн үеийн биотехникийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Ингэхдээ Хөвсгөлийн БЦГ-ын Алагцарын гол, Шарилжилтын гол, Нарийны голуудын цутгал салаануудад урсгалыг чөлөөлж, чөлөөлөх боломжгүй газраас загасыг эрвээхэйн тороор шүүх, суйлах зэргээр барьж зөөвөрлөн урсгалд тавьж байгаа юм.

Загас үржлийн үеийн биотехникийн арга хэмжээний үеэр 1,200 гаруй загасыг тороор шүүн урсгалд тавьж, гурван цутгал голын урсгалыг чөлөөлжээ гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn