ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүгч, УЕП, АТГ-ын даргыг чөлөөлөхөө болино

Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар, Ц.Мөнх-Оргил, Л.Энх-Амгалан, Ж.Бат-Эрдэнэ, Ч.Ундрам, Г.Дамдинням, Ц.Мөнхцэцэг, Т.Доржханд, Б.Жаргалмаа, Ц.Сандаг-Очир, Ж.Батжаргал, Г.Ганболд нарын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг дараа нь шийдвэрлэлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр танилцуулсан.

    Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Энэ хүрээндээ шүүгчид хариуцлага тооцох Сахилгын хороог бие даан байгуулаад, шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг хангах чиглэлээр тодорхой өөрчлөлтүүдийг оруулсан юм. Энэ хүрээндээ Улсын Их Хурлаас тогтоол гаргаж, 2020 онд багтаан Шүүхийн тухай хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн шинэчлэн батлахыг чиглэл болгосон. 2019 оны 03 дугаар сард Улсын Их Хурлаас Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Прокурорын тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулж шүүх, прокурор, авлигатай тэмцэх байгууллагуудын удирдлагыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр түдгэлзүүлэх, огцруулах асуудлыг шийдвэрлэх зохицуулалтыг хийсэн. Энэ нь Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд нийцэхгүй байгаа тул хүчингүй болгох нь зүйтэй хэмээн үзэж төслүүдийг боловсруулжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” гэж заасан ба Үндсэн хуульд Ерөнхийлөгч нь бүх шатны шүүгчийг томилох, чөлөөлөх шийдвэр гаргахаас бус тэдгээрийг томилох, чөлөөлөх саналыг өөрөө гаргах, тийнхүү санал дүгнэлт гаргах урьдчилсан үйл ажиллагаанд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэгчийн хувиар оролцох бүрэн эрх байхгүй байна.

2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллах бөгөөд түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно” гэх нэмэлт орсон. Энэ дагуу бүх шатны шүүхийн шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах эрх хэмжээг гагцхүү Шүүхийн сахилгын хороонд олгосон байх бөгөөд зөвхөн Үндсэн хууль, шүүхийн тухай хуулиар эдлэх шүүгчийг албан тушаалаас түдгэлзүүлэх, огцруулах бүрэн эрхийг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлд олгосон нь Үндсэн хуульд нийцэхгүй байгаа хэмээн төсөл санаачлагчид үзжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.” гэж, мөн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно” гэж заасан. Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “шүүх нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас бие даасан байх бөгөөд шүүх эрх мэдлийг аливаа байгууллага, этгээдээс хараат бусаар хэрэгжүүлнэ”, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “шүүхийн бие даасан байдлын зарчмыг алдагдуулсан, дордуулсан хууль тогтоомж болон захиргааны акт гаргахыг хориглоно” гэж тус тус нарийвчлан заажээ. Гэтэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Үндсэн хуулийн бус аргаар шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль болон шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, журмыг баримтлахгүйгээр дур зоргоороо шийдвэр гаргах эрх зүйн үндсийг бүрдүүлжээ.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Зөвлөл нь хэлэлцэн зөвшилцөлд хүрсэн асуудлаар шийдвэр гаргах бөгөөд тэр нь зөвлөмжийн шинж чанартай байна” гэж заасан. Өөрөөр хэлбэл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж нь хууль зүйн хүчин чадлын хувьд Үндсэн хууль, Улсын Их Хурлаас батлан гаргах хууль, бусад шийдвэрээс доогуур эрэмбэлэгдэж, гагцхүү зөвлөмжийн шинж чанарыг агуулдаг. Гэтэл хууль зүйн хүчин чадалгүй зөвлөмжийг үндэслэн шүүгч, Монгол Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын бүрэн эрхийг дуусгавар болгож байгаа нь Үндсэн хуульд заасан хууль ёсны байх зарчмыг гажуудуулсан байна гэж үзжээ. Түүнчлэн дээрх хуулиудын өөрчлөлтөөд үүдэн иргэн бүрийн шударгаар шүүлгэх Үндсэн хуулиар олгогдсон эрх зөрчигдөх эрсдэлтэй хэмээн үзсэн болохыг Б.Энхбаяр гишүүн төсөл санаачлагчийн илтгэлдээ дурдсан юм.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Д.Ганбат, Ш.Адьшаа, С.Амарсайхан нар асуулт асууж, хариулт авав. Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталсны дараа эдгээр төслийг хэлэлцэх нь зүйтэй гэдэг байр суурийг Н.Алтанхуяг илэрхийлсэн. Төслийг хэлэлцэхийг дэмжихгүй байгаагаа Ш.Адьшаа гишүүн хэлж, тайлбарлав. Дараа нь санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ