Б.Баярсайхан:Манайд Монгол болон гадаад ажилчдын цалингийн ялгаа асар их байна

2020-12-22

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулин төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баярсайхан хоёр асуудлаар тодруулав.

Тэрбээр “1950 оны Хөдөлмөр эрхлэлт, ажил мэргэжлээр алагчлахгүй байх тухай конвенцид ажил эрхлэлт, мэргэжил дээр ажил тэгшээр хандах зарчмыг хүндэтгэнэ гэж заасан байдаг.

Гэтэл яг ижил ажлын байран дээр байгаа Монгол болон гадаад ажилчдын цалингийн зөрүү асар их байна.

Бодлогоороо үүнийг зохицуулах шаардлагатай.Цалингийн тэгшитгэл түүнтэй холбоотой уялдааг холбогдох яам нь хуульчилж оруулдаг болгох саналтай байна.

Монгол хүний хөдөлмөр үнэгүйдэх ёсгүй.

Өмнөх хуулийн 5.2 дээр байсан ажиллах хүч гадаадад гаргах гэрээнд гадаадад ажиллах иргэний хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгааллын асуудлыг ажиллах хүч авч байгаа орны хууль, тогтоомжид заасан хэм, хэмжээнээс дордуулахгүй байна гэсэн заалт байхгүй байна. Гадаадад ажиллаж байгаа иргэний эрх нь зөрчигдөх нөхцөл үүсч болзошгүй гэж харагдаж байна” гэв.

Үүнд ХНХ-ын сайд “Цалин, хөлсний асуудал Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагддаг. Харин тухайн улс орны хууль тогтоомж нь манай орны иргэнд үйлчлэх зохицуулалт нь Засгийн газрын түвшинд байгуулсан санамж бичгийн хүрээнд тусгагдсан учраас энэ хуулинд оруулах шаардлагагүй гэж үзсэн” хэмээн хариулав.

Мөн “Энэ конвенцийн гол агуулга нь ижил үнэлэмж бүхий ажил хөдөлмөрт ижил цалин өгөх ёстой гэсэн агуулга бий. Үүнийг Хөдөлмөрийн тухай хуулинд тусгасан байдаг. 5.2 заалт хуулинд тусгагдаад явж байгаа” гэлээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ