Д.Амарбаясгалан: МАН хүний эрхийг хамгаалах асуудлыг хөгжилтэй улсын түвшинд хүргэхийг зорьж байна

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ирэх сарын 6, 7-нд болох 30 дугаар Их хурлын талаар мэдээлэл хийж байна.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “МАН-ын 30 дугаар Их хурлаар намын даргыг сонгох, баталгаажуулах, намын бага хурлын бүрэлдэхүүнийг сонгох намын ажлуудыг хийнэ.

Мөн томоохон бодлогын асуудлуудыг гаргаж тавина.

Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх шинэ эдийн засгийн бодлогыг МАН-ын дарга танилцуулна. Сонгодог парламентийн тогтолцоог төгөлдөржүүлэх хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар илтгэл тавина.

Нийгэмд тулгамдаад буй асуудлыг олон талт байдлаар судлан гаргаж ирэхийг ихээхэн хичээлээ. Иргэд амгалан тайван, стресс бухимдалгүй амьдрахад хийгдэх шаардлагатай өөрчлөлтүүдийн талаар судалгааг мэргэжлийн судлаач, хуульчдыг оролцуулан хийлээ.

МАН хүний эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчныг сайжруулах, хөгжилтэй улсын түвшинд хүргэх зорилтыг дэвшүүлж байна.

Социал демократ үзэл баримтлалтай улс төрийн хүчний хувьд, нийгмийн дундаж давхаргыг дэмжих бодлоготой улс төрийн намын хувьд хоёр дараалан 65, 62 суудалтай ялалт байгуулсан нь туйлын өндөр хариуцлага.

Нийгэмд дундаж давхаргыг бий болгох хүсэл зорилго ихээхэн байна гэж харж байна. Үүнд хүрэхэд авлигал, албан тушаалын гэмт хэрэг, хүнд суртал зэрэг саад болж байгаа нь судалгаагаар гарч ирсэн.

Төрд ажиллаж байгаа улс төрийн өндөр албан тушаалтнууд, сонгогдож томилогдож байгаа албан тушаалтнуудаараа дамжуулан эдгээр асуудалтай тууштай тэмцэх бодлогыг намын гишүүдээрээ хэлэлцүүлэн, олон нийтэд танилцуулна” гэлээ.

Отгонтэнгэр их сургуулийн докторант Р.Очирбал, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш О.Мөнхсайхан нараар удирдуулсан 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр хүний эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчныг сайжруулах дэвшилтэт бодлогын судалгааг хийжээ.

Судалгааны дүнгээс:

  1. Өнөөдрийн хүчин төгөлдөр хэрэгжиж буй 800 гаруй хуулийн заалт хүний эрхийг зөрчсөн гэдгийг тогтоожээ.
  2. Шийдвэр гаргах түвшинд ч иргэдийн дунд нь хүний эрхийн дутмаг мэдлэгтэй байна.

Үргэлжлүүлэн тэрбээр “Эрх баригчдын тойрч гардаг байсан томоохон нийгмийн асуудлыг тойрч гарахгүй, шийдэхийн төлөө явна.

Одоо манай улс ардчиллын алтанбүрд гэж нэрлэгддэг бол цаашид дэлхийд хүний эрхийг бүрэн хамгаалж чадсан улс гэж цоллогдохын төлөө том амбицтай зүтгэх ёстой.

Улс төрийн намууд сургууль, цэцэрлэг барихаараа өрсөлддөг биш бодлогоороо өрсөлддөг байгаасай гэж хүсэж байна” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn