Ардын жүжигчин П.Цэрэндагва, Н.Сувд нар Хөдөлмөрийн баатар цолоор энгэрээ мялаалаа

Монгол Улсад орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын драмын эрдмийн театрын түүхт 90 жилийн ойг тохиолдуулан  уран бүтээлчдийг төрийн дээд цол, одон медалиар шагналаа.

  • Тамгагүй төр” жүжгийн Эгэрэг, “Мандухай цэцэн хатан” киноны Ибрай тайш тэргүүтэй тайз, дэлгэцийн 200 шахам дүрийг урлан бүтээж, театр, кино урлагт өөрийн орон зай, өнгө төрх, бүтээл туурвилын арга барил бий болгож, ахмад үеэ залгамжлан, өөрийн үеийнхнээ манлайлж, залуу үеэ үлгэрлэн хөдөлмөрлөж, театр болон драмын урлагийг гадаад, дотоодод сурталчлах, ард түмнийг соёл, урлагаар соён гэгээрүүлэх, залуу уран бүтээлчдийг сурган хүмүүжүүлэх, бэлтгэх зэрэг их үйл хэрэгт хүчин зүтгэж байгаа Ардын жүжигчин Пүрэвдоржийн Цэрэндагва,
  • “Гамлет” жүжгийн Офелия, “Атга нөж” жүжгийн Өүлэн эх, “Мандухай цэцэн хатан” киноны Мандухай тэргүүтэй тайз, дэлгэцийн 100 гаруй дүрийг урлан бүтээхийн зэрэгцээ театрын удирдлага, зохион байгуулалт, урын сангийн бодлогыг оновчтой удирдан тодорхойлж, тайз, дэлгэцийн урлагийн залгамж халаа, мэргэжлийн уран бүтээлчдийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, ард түмнээ соён гэгээрүүлэх зэрэг их үйл хэрэгт хүчин зүтгэж байгаа Ардын жүжигчин Намсрайн Сувд нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Ардын жүжигчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар П.Цэрэндагва:

Төр минь намайг гурван удаа үнсэхдээ өр нэхэлгүй хишгээ хүртээсэнд их өег байна. Сэтгэл хөөрөхгүй байхын арга алга. Гэхдээ бодож тунгаах зүйлээ мартахгүй, үзэгчдээ уран бүтээлээрээ илүү баярлуулна.

Аливаа амжилтын ард талд хүний хань л байдаг. Гурван хүүхдийг минь тээж төрүүлж өгсөн ханьдаа баярлалаа.

Театрыг өдий хүртэл авч ирсэн үе үеийн уран бүтээлчиддээ мөргөе.

Ардын жүжигчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Сувд:

Орчин үеийн мэргэжлийн театр үүсгэн байгуулах гэж оюун санаага дайчилж ирсэн ахмадууддаа талархлаа илэрхийлэе. Мэдээж үзэгчгүйгээр театр оршин тогтнохгүй. Та нарын дэмжлэгээр мэргэжлийн театр өдий дайтай болж, олон улсад монголын театр гэдэг нэр гарч байдаг шүү. Өнөөдөр энд хүрэлцэн ирсэн уран бүтээлчдийн ард олон ээж, эмэгтэйчүүд бий. Бид хамтдаа хичээвэл дэлхийд нэрээ цуурайтуулж чадна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn