
Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабаас гаргасан шийдвэрийн дагуу 2021 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тус хотын хөдөлгөөнийг бүрэн нээж, хэвийн байдалд оруулав.
Хотын нэвтрэх хөдөлгөөнийг 48 цагийн дотор нуклейн хүчлийн шинжилгээ хийлгэсэн иргэдэд нээсэн. Улмаар 2021 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн дотоодын түүнчлэн Эрээн-Улаанхад, Тунляо, Шилийн хот, Хөх хот чиглэлийн, 29-ний өдрөөс Бээжин чиглэлийн нислэгийг нээхээр төлөвлөв.
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн үйл ажиллагааг сэргээх чиглэлээр хилийн тэг цэгт чингэлэг шилжүүлэн ачих талбайг засаж, 2021 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр хоёр тал туршилт хийхээр тохирсон байсан хэдий ч 20-нд Хятадын тал дангаараа хийсэн туршилт, үнэлгээгээр талбайг дахин засах шаардлагатай гэсэн үндэслэлээр хоёр талын туршилтыг түр хугацаагаар хойшлуулаад байна.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам